Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Увс аймгууд болон Улаанбаатар хотод бороо орсон. Архангай, Булган аймаг, Улаанбаатар хотод шороон шуурга шуурсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +31…+36 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +26…+31 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 28, 29, 30-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 27-нд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +15…+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +24…+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна. 29-нөөс ихэнх нутгаар хална.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн 58 дугаар гудамжинд малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 07:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 8х4 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн Бор толгой гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 144 км, сумын төвөөс урд зүгт 3 км/-т Малын саравч шатаж байна гэсэн мэдээг 2023.06.25-ны өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд, орон нутгийн иргэд малчин Б-ийн 11х6 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг 10 минут ажиллаж бүрэн унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн 36 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 20:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 7х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 05:30 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, эд зүйлс, иргэн М-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, эд зүйлс, эзэн тодорхойгүй 10х8 метрийн хэмжээтэй байшин тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн Лаг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 15:52 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Түймрийн голомтод цаг агаар салхи тогтуун, түймрийн голомтод бага зэргийн бороо орсон.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Голын усанд осолдсон: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар “Орхон” голд 1 хүн осолдсон тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн М /25 настай, эрэгтэй/-г 06.25-ны өдрийн 14:26 цагаас мөн өдрийн 21:35 цаг хүртэл “Өндөр-Эрэг” гэдэг газраас баруун хойд зүгт “Орхон Сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл “Орхон” голын 3 м-ийн гүн усанд 4 удаа шумбаж, завиар усаар урсаж, эрэг дагуу явганаар 42 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 21:35 цагт түр зогсоосон. 06.26-ны өдрийн 05:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж 05:35 цагт осолдсон газраас баруун хойд зүгт 6 км-т /солбицол: 50 14’27.2544’’N, 106 9’59.9256’’E/ голын усан дотроос цогцсыг олж гаргасан.

Төөрсөн, сураггүй болсон: Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн “Даваат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 198 км, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/-т 06.25-ны өдрийн 21:00 цагийн орчим 6 настай хүүхэд гэрээсээ унадаг дугуйтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 01:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, ар гэрийнхэн Б /6 настай, эрэгтэй/-ийг 06.26-ны өдрийн 01:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 03:05 цагт гэрээс нь урд зүгт 5 км-т “Элстэйн хөтөл” гэдэг газраас эсэн мэнд олсон.

5. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Хүчтэй салхи шуурга: Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багийн “Овоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/-т 06.25-ны өдрийн 18:00 цагийн орчим 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас 2 гэр нурсан тухай мэдээллийг 06.26-ны өдрийн 00:02 цагт хүлээн авсан. Тус багийн малчин М, С нарын 5 ханатай гэр нурж дахин ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг Улаанчулуу багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.

– Гол, мөрний усны үер: Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Мөрөн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 95 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/-т “Ховд” голын усны түвшин нэмэгдсэний улмаас арал хэсэгт 3 айл өрхийн 3 том хүн, 50 бод мал усанд боогдсон тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 11:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход малчин А /41настай, эрэгтэй/, Н /45 настай, эрэгтэй/, М /38 настай, эрэгтэй/ нар голын усанд боогдсон байсныг 6 цаг 10 минут ажиллаж завиар зөөвөрлөн, 3 гэрийг нүүлгэн шилжүүлж, 50 бод малыг тууж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top