Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дорнод-Дарьгангын тал нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар +14…+19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +29…+34 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, +20…+22 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 29-нд Алтайн уулархаг нутгаар, 30-нд нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 29, 30-нд ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +19…+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +28…+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +33…+38 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна. 7 дугаар сарын 1-нээс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Майнтын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т, сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ Тус сумын харьяат малчин А-гийн 4 ханатай гэр, 6×3 метрийн хэмжээтэй чингэлэг 06.27-ны өдрийн 01:03 цагт шатсан тухай мэдээллийг 10:00 цагт хүлээн авсан.  Малчин А-ын 4 ханатай гэр, 6×3 метрийн хэмжээтэй чингэлэг шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Сэлх”-ийн  зуслангийн задгай байшин шатсан тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 19:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 22:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн  А-ийн орон сууцны байранд эд зүйл шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн “Задгай” хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 06:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид очиж 26 минут ажиллаж унтраасан.    

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top