1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн нутгаар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн баруун болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.
Төлөв байдал: 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-р сарын 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо, 2-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 30-нд ихэнх нутгаар, 1-нд говь, тал хээрийн нутгаар халах боловч 2-ноос ихэнх нутгаар сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 09:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 6х3 метрийн хэмжээтэй харуулын байр, дотор эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо, Ээж хайрханы 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 6х3 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, эд зүйлс шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Бор толгойн салдаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 191 км, ангийн байрлалаас урд зүгт 16 км/-т автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 17:31 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын “Портер” загварын ачааны автомашины тэвш, ачиж явсан холбооны тоног төхөөрөмж шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дугаар хороо, Москва хороолол гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 22:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй /ашигладаггүй/ 5х3 метрийн хэмжээтэй гарааш дотор хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 03:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 15 метр орчим хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Автозамын тээврийн осол: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо зам тээврийн осол гарч 1 хүн автомашины эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 09:36 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг oчиход иргэн Б /43 настай, эрэгтэй/ зам тээврийн ослын улмаас автомашины эд ангид 2 хөл нь хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж НТТТөв 103-ын эмчид хүлээлгэн өгсөн.
Увс аймгийн Бөхмөрөн сумын 4 дүгээр багийн “Хэвийн ширэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км/-т 5 хүн (үүнээс 1 нь хүүхэд) мориор аялж яваад 1 хүүхэд нь “Алтангадас” голын усанд живсэн тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Д/13 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 06.28-ны өдрийн 09:22 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 10:22 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт 20 метр зайд 3 метрийн гүнээс цогцсыг олж гарган Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн “Их булан” гэдэг газар “Хаматай” гэдэг арал /аймгийн төвөөс зүүн зүгт 15 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км/-д 06.28-ны өдрийн 09:00 цагийн орчим иргэн Т гэрээсээ морьтойгоор адуундаа яваад гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 01:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж иргэн Т /40 настай, эрэгтэй/-ийг 02:51 цагт тус арлаас эсэн мэнд олж 05:30 цагт завиар гарган дүүд нь хүлээлгэж өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР