Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Орхон, Өмнөговь, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутаг, Халх голын сав газраар +25…+30 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +16…+18 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +14…+19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +22…+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард-Аюушийн өргөн чөлөө хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 20 тоннын чингэлэг дотор хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 17:14 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 20 тонн чингэлэг дотор эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ баг, Хярын-Ус гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 148 км, сумын төвөөс баруун урд зүгт 8 км/-т Иргэн Ц-ийн 5 ханатай гэр 07.02-ны өдрийн 17:45 цагийн орчим шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн Ц-ийн 5 ханатай гэр бүрэн шатсан байсан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт баг “Өлзийт” хорооллын задгай /аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-/т Иргэн Э-ын малын саравч 07.02-ны өдрийн 22:50 цагийн орчим шатсан тухай мэдээллийг тухайн өдрийн 23:20 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэдийг очиход иргэн Э-ын 6х4 метрийн хэмжээтэй малын хашаа, 6х20 метрийн хэмжээтэй автомашины граж дотор эд хогшил шатаж байсныг унтраасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top