Дэлхийн дулаарал Цельсийн 1 хэмээр нэмэгдэх бүрд өндөрлөг газарт унах хүчтэй хур тунадасны хэмжээ 15 хувиар нэмэгдэх тооцоог хэсэг судлаачид гаргажээ.
Тодруулбал далайн түвшнээс дээш 2,000 метрээс өндөрлөг газар нутагт унах хур тунадасны хэмжээг эрс нэмэгдүүлэх ба энэ босгоноос дээш 1,000 метр тутамд унах хур тунадасны хэмжээ 1 хувиар нэмэгдэх тооцоог гаргасан байна.
Үүний улмаас өндөрлөг газарт амьдардаг хүмүүс үер ус, хөрсний гулгалт зэрэг байгалийн гамшигт өртөх магадлал улам бүр нэмэгдэхийг судлаачид анхааруулсан байна.
Одоогийн хэмнэлээр үргэлжилбэл энэ зууны сүүлээр дэлхийн дулаарлын өсөлт Цельсийн 2.8 хэм хүрэх тооцоог НҮБ-ын дэргэдэх цаг уурын байгууллага гаргасан байдаг.
Энэ нь аж үйлдвэржилтийн эхэн үе болох 19 дүгээр зууны дунд үеийн дэлхийн гадаргын дундаж температуртай харьцуулсан өсөлт юм.
1950-аад оноос хойш хүчтэй аадар борооны давтамж дэлхий даяар улам бүр нэмэгдэж байгаа гэсэн өөр нэг судалгааны дүгнэлт байдаг.
“Бид цаашдаа далан, хурдны зам, төмөр зам зэрэг бусад дэд бүтцийг байгуулахдаа үер усны эрсдэлийг сайн тооцоолдог болох шаардлагатай” гэж судалгааг ахалсан АНУ-ын Калифорни мужийн Лоренс Берклигийн Үндэсний Лабораторийн судлаач Мохаммед Омбади хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Түүний багийн судалгааны тайлан өчигдөр Nature шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн юм.
Эх сурвалж: AFP