Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +27…+32 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутаг, Халх голын сав газраар +21…+26 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 7-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 6, 7-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +15…+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +24…+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Шинэ айл” 13 дугаар баг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 23:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын “Приус-30” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Голын усанд осолдсон: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн Далангийн-Ам гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 51 км, сумын төвөөс хойд зүгт 1 км/-т Дэлгэрмөрөн голын усанд иргэн 1 хүн осолдсон тухай дуудлагыг 07.04-ний өдрийн 21:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Ц /62 настай, эрэгтэй/-ийг 07.04-ний өдрийн 23:51 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 07.05-ны өдрийн 01:23 цагт осол болсон газраас зүүн зүгт 5.5 км-т, Баянхошуу багийн “Өргөн хайрын дэнж” гэдэг газар голын эргээс 10 м зайтай, 0.2 м-ийн гүнээс цогцсыг олж гарган сумын хэсгийн Цагдаад шилжүүлэн өгсөн.

– Бусад усны осол: Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Их залуу” багийн хаягийн тэмдэгийн дэргэд үерийн далан дотор цогцос байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 07:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж үерийн далан дотор иргэн Э /57 настай, эрэгтэй/-ын цогцос байсныг 15 минут ажиллаж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Голын усанд суусан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 6 буудал “Сэлбэ” голд автомашин суусан тухай дуудлагыг 07.04-ний өдрийн 00:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиж Королла Фиелдэр загварын автомашин 1 зорчигчтой үерийн усанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.

 Нүхэн жорлон, дулааны худагт унах: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн 15 дугаар гудамжинд 5 метрийн гүнтэй муу усны нүхэнд хүн унасан тухай дуудлагыг 07.04-ний өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Т /40 настай, эрэгтэй/ 5 метр гүнтэй муу усны нүхэнд унасан байсныг 10 минут ажиллаж эсэн мэнд гарган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top