1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хэнтий, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +15…+20 градус, Их нууруудын хотгороор +25…+30 градус, Алтайн өвөр говиор +30…+35 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с. +16…+18 градус дулаан байна.
Төлөв байдал: 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 7-нд нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийн өмнөд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +24…+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +32…+37 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 16:59 цагт хүлээн авсан. Тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их тойруу ахуйн хэрэглээний хийн баллон дэлбэрсэн гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 22:44 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход хийн плитка дэлбэрч иргэн С /20 настай, эрэгтэй/ Б/19 настай, эрэгтэй/ нар өртөж түлэгдсэн байсныг нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 22:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 8х9 метрийн хэмжээтэй 2 давхар монсардтай байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин баг, Онон хорооллын 2-201 тоот /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км, сумын төв/-д Иргэн Ж 07.02-ны өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн Ж /60 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг тус багийн Эгийн голын бургас, Ёохор-Уул, Тэргүүн-Өндөр гэдэг газруудаар нийт 8 км-ын тойрогт зохион байгуулж, тус сумын төвөөс хойд зүгт 1 км-т Норовлин багийн “Тоонот толгой” гэдэг газар ой модон дунд модноос боомилогдож нас барсан байсныг 12:55 цагт олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн модон гүүр гэдэг газар 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид очиж, иргэн Г /51 настай эрэгтэй/, А /46 настай, эмэгтэй/ нарыг тус амралтын газраас зүүн зүгт 0.8 км-т модон дотроос 10:50 цагт олж Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн.
Цас шаварт суусан: Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Хөдөө хэсэг, “Улаан-Эрэг” гэдэг газар /дүүргээс баруун хойд зүгт 10 км/-т Суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 06:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус дүүргээс “Улаан-Эрэг” гэдэг газар руу иргэн Б /24 настай, эрэгтэй /-ийн жолоодож явсан “Тоёота Румион” загварын 4 зорчигчтой суудлын автомашин шаварт суусан байсныг 15 минут ажиллан татан гаргасан.
4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Гол, мөрний усны үер: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Сэлбийн голын гүүр, “Буян” ХХК-ийн орчим “Сэлбэ” гол 500 м орчим газар далангаасаа давсанаар эрэг дагуух орон сууцнууд усанд автсан тухай дуудлагыг 07.04-ний өдрийн 13:36 цагт хүлээн авсан. Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус далан давж, 60 гаруй орон сууц, 1 худалдааны төвийн В1 давхар, зуслан, гэр хорооллын 40 гаруй байршилд хашаа байшин, айлын гэр, 2 нүхэн гарц усанд автаж, 2 далан, гүүр задарсан дуудлагаар Онцгой байдлын байгууллага, Зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагч, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт 1347 хүн, 206 техник хэрэгсэл, мөн ус соруулах 15 мотопомп, 3 автомашинаар үерийн ус соруулж, шуудуу татах, далан босгох ажлыг зохион байгуулж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд, өндөр настан зэрэг 560 гаруй иргэн, 300 гаруй автомашиныг аюулгүй газарт гарган ажилласан. Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, нөхцөл байдал хүндэрсэн газрын автозамуудыг түр хааж, төвийн 6 дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, 41 дүгээр зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/-т Хараа голын ус эргээ даван үерлэж 2 гэр усанд автсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 06:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2 өрхийн 2 гэр үерийн усанд автсан байсныг 04:00 цаг ажиллан нүүлгэн шилжүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни баг, 53 дугаар зөрлөгийн “58-ын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 225 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т Хараа голын ус эргээ даван үерлэж 6 өрхийн 6 гэр усанд автсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 06:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 7 өрхийн 7 гэр усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлж, 2 иргэнийг аюулгүй газарт гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР