Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруунаас  секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор болон  Алтайг өвөр говиор +31…+36 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг.Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18…+23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +33…+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 20:21 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн суваг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 27 иргэнийг гаргасан.

– Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 07:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 8×6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 34 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Жигжид зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 21:31 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ын 4х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн “Хүдэнгийн хөдөө” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 94 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/-т Дизель түлш тээвэрлэж явсан автоцистерн замын хажуу руу унаж, автомашины эд ангид жолооч нь хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход “Волво” загварын автоцистерн /20 тн дизель түлш ачсан/ замын хажуу руу унаж жолооч автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 8 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Дорноговь аймгийн Айраг сумын Цагаандөрвөлж багийн “Ар говь” гэдэг газар /аймгийн төвөөс хойд 135 км, сумын төвөөс хойд зүгт 12 км/-т Зам тээврийн осол болж автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 00:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн У-ын “Королла фиелдер” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/, Ё-ийн “Волво” загварын том оврын ачааны автомашины араас мөргөж У /30 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 8 минут ажиллаж эсэн мэнд гарган сумын Эрүүл мэндийн төвд, тус автомашинд зорчиж явсан О /30 настай, эмэгтэй/ нас барсан байсныг цогцсыг гарган сумын Цагдаагийн хэлтсийн зам тээврийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн.

– Голын усанд осолдсон: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн 264 дүгээр точик /аймгийн төвөөс зүүн урд 270 км, ангийн байрлалаас зүүн урд зүгт 45 км/-т “Хараа” голын гүүр нурж гүүрэн дээгүүр зорчиж явсан ЗИЛ-131 загварын автомашин унаж жолооч болон автомашин алга болсон тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 22:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид иргэн Д /42 настай, эрэгтэй/-ыг “Хараа” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо 07 дугаар сарын 06-ны өдрийн 03:00 цагийн орчим иргэн Э гэрээсээ автомашинтай ууланд алхахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 03:57 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Э /27 настай, эрэгтэй/-г 07.07-ны өдрийн 04:27 цагаас эхлэн Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, “Зайсан толгой” гэдэг газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Бусад: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн “Бугат-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 7 км/-т 1 хүүхэд тоног төхөөрөмжид хавчуулагдсан тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход Б/7 настай, эрэгтэй/ тоглож байгаад хөл алдаж хайрга бутлах төхөөрөмжид орооцолдон дамжуулах төхөөрөмжийн хоолойд гацаж нас барсан байсныг ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.

4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Үер – Гол, мөрний усны үер: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “52 дугаар точик” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 15 км/-т 2 айлын гэр үерийн усанд боогдсон тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 12:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Б /54 настай, ам бүл-3/, Э/42 настай, эрэгтэй/ нарын 2 гэр үерийн усанд автсан байсныг 3 цаг 35 минут ажиллаж аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хараа голын эргэ”, Гонир багийн “Бургасан тохой”, “Шар шувуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 187 км, сумын төвөөс зүүн зүгт 14 км/-т “Хараа” гол үерлэж айлууд үерийн усанд боогдсон тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 21:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид иргэн Г, Х, Б, И, Б, Ц нарын 7 гэр, 4х2 метрийн хэмжээтэй 1 зөөврийн сууц, 1 автомашин, 100 хонь, 6 тугал үерийн усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлж, 7 том хүн, 5 хүүхэд усанд боогдсон байсныг аюулгүй газарт шилжүүлэн гаргасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “246 дугаар зөрлөг”, 5 дугаар багийн “Түнхэл тур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 234 км, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км/-т “Хараа” гол үерлэж айлууд үерийн усанд боогдсон тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 16:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид иргэн Б-ын 6х3 метрийн хэмжээтэй зөөврийн сууц, Э, Б нарын 2 гэр үерийн усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлж нийт 71 том хүн, 18 хүүхдийг аюулгүй газарт гаргасан. Тус сумын “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн төвийн шугамаас салаалсан 1 ш цахилгааны тулгуур багана үерийн усанд унасан байсныг сэргээн засварласан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн “Сөгнөгөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 122 км, сумын төвөөс зүүн зүгт 7 км/-т Тус багийн айлууд үерийн усанд боогдсон тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 12:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг дарга Н-аар ахлуулсан ажилтнууд Батсүмбэр сумын Сөгнөгөр, Баянгол  багийн 44 айлын гэр, 20 том хүн 66 хүүхэд үерийн усанд боогдсон байсныг Баянгол бага сургуулийн байр, Сөгнөгөр багийн байранд нүүлгэн шилжүүлсэн. Тус сумын 2 дугаар багийн 2 гүүр усанд автаж, 1 гэрлийн шон унаж, 4 дүгээр багийн 2 гүүр нурсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top