1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дорноговь, Өмнөговь, Төв аймгууд бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +21…+26 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +30…+35 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35…+40 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. +28…+30 градус дулаан байна.
Төлөв байдал: 18-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Өнөө маргаашдаа ихэнх нутгаар халж, 19-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +18…+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +33…+38 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 10:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар тус тус шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Ундраагийн 1 дүгээр гудамжинд хураалттай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн хурааалттай 5 ханатай гэр шатаж байсныг 4 минут ажиллан унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, “Мандах” хороолол гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 01:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход /эзэн тодорхойгүй/ 4 ханатай гэр шатаж байсныг 6 минут ажиллан унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Сонсголонгын гүүр гэдэг газар Туул голын усанд 2 хүүхэд ороод гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 07:43 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход А /15 настай, эмэгтэй/, Х /16 настай, эмэгтэй/ нар гар утсаа голд унагаж авах гэж ороод голын уснаас гарч чадахгүй байсан тул уснаас гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул баг, Гашуун гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 40 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/-т Суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 07.17-ны 01:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сүмбэр сум дахь гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Дархан сумын чиглэлд иргэн Т-ийн “Тоёота Кровн”, Д-ийн “Ниссан Экстрайл”, Б-ын “Хариер”, Д-ий “Ланд Круйзер 77” загварын /12 зорчигчтой/ суудлын автомашинууд шаварт суусан байсныг 03:57 цагт татан гаргасан.
4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
–– Уруйн үер: Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр баг, Цонжин болдог гэдэг газрын Баянгол ресорт жуулчны бааз жуулчны бааз усанд автсан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 20:07 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход тус амралтын газрын зоорийн давхар усанд автсан байсан тул усыг соруулж, үерийн далан босгож ажилласан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР