Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35…+40 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +30…+35 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи баруун хойноос 5-10 м/с, +23…+25 градус дулаан байна.

Төлөв байдал:  19-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хагаст дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +18…+23 градус, Их нууруудын хотгор болон  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +33…+38 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн “Толгойт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 95 км-т, сумын төвөөс баруун зүгт 23 км-т/ 07.17-ны өдрийн 05:00 цагт амбаар шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Х-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай байсан 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хорооны “Нарлаг”-ын 21 дүгээр гудамжинд Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн “Задгай” хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 01:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ын хашаанд хураалттай хөөсөнцөр шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны “Хилчин”-ий 110 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 04:43 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Автозамын тээврийн осол: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн ‘’Зүлэгт’’ гэдэг газар / аймгийн төвөөс зүүн зүгт 150 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ Суудлын автомашин авто замын хажуугийн төмөр хашлага мөргөсөн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 14:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд 2 зорчигчтой  зорчиж явсан иргэн Б-ын ‘’Приус-30’’ загварын автомашин авто замын хажуугийн төмөр хашлага мөргөж тухайн автомашины жолооч Б /27 настай, эмэгтэй/, Д /15 настай, эрэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн тул эсэн мэнд гаргаж Тариалан сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн. 

Бусад усны осол: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүт багийн “Задгай” /сумын төвд/ Тогтоол усанд өсвөр насны 2 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход Х /11 настай, эрэгтэй/, Ж /11 настай, эрэгтэй/ нар 20 метрийн урт, 5 өргөн, 2 метрийн гүнтэй тогтоол усанд живж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Өндрөөс аврах: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг орон сууцны барилгын 3 дугаар давхрын цонхоор 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 13:43 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход С /43 настай эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.     

Цас шаварт суусан: Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн “Гарам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн зүгт 0.5 км-т, Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ Онон голын усанд суудлын автомашин живсэн тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан.  Биндэр сумын Тамгын газрын Засаг даргаар ахлуулсан аижлтнууд иргэн О /43 настай, эрэгтэй/-ыг мөн өдрийн 19:30 цагт уснаас эсэн мэнд гаргаж автомашиныг үлдээсэн тул 07.17-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх,аврах салбарын алба хаагчид “Ланд крузер-80” загварын автомашиныг уснаас 16:00 цагт татан гаргасан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн “Бөөгийн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ Орхон голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын “Си-Ар Би” загварын суудлын автомашин Орхон голын усанд живсэн жолооч С /43 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ нь автомашины бүхээг дээр гарсан байсныг эсэн мэнд гаргасан бөгөөд автомашиныг гаргах боломжгүй тул үлдээсэн.

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Нүхэн жорлон:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 5 дугаар гудамжинд “Эко” жорлонгийн бетон кольцоо /цагирга/-г хар лак /тос/- аар лакдаж байсан 1 хүн ухаан алдаж унасан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 15:02 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаашчид очиж иргэн Б /35 настай, эрэгтэй/-ыг 4 орчим метрийн гүнтэй нүхнээс татаж гарган НТТТ-д шилжүүлэн өгсөн.

4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

– Хүчтэй салхи шуурга: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг Өвөрхангай аймгийн Хархорин суманд 07.17-ны өдрийн 16:00 цагт салхи 18-20 м/с хүрч барилгын төмөр дээвэр хууларч 2 автомашин дээр унасан тухай дуудлагыг 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход  15х20 метрийн хэмжээтэй барилгын төмөр дээвэр хууларч “Кроун-180” загварын суудлын автомашин, УАЗ-31512 загварын суудлын автомашин дээр унасан байсан тул 2 автомашиныг дээврийн төмөр дороос татаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top