Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +30…+35 градус, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +25…+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 21, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +33…+38 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 23:29 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 06:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр, эд зүйлс, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 20 метр хашаа, “Норд бенз” загварын автомашин, “Норд бенз” загварын, автомашины гадна хэсэг хайрагдан шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Цагаан-Овоо багийн Цагаан-Овоогийн 14 дүгээр гудамжинд автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 14:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 75 ш том оврын автомашины дугуй шатаж байсныг 33 мин ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн “Улаагчийн хар нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 07.18-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Иргэн А-ийн 5 ханатай гэр /эзэнгүй/ 07.18-ны өдрийн 15:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг тус сумын Мөсөн багийн засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын “Хайрхан” багийн 3 дугаар байр цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 45 м/кв хэмжээтэй цайны газрын хиншүү сорогч шатаж байсныг 1 минут ажиллаж унтраасан.

3. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Үер – Гол, мөрний усны үер: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 07.18-ны өдрийн 22:40 цагаас 20 минут орчим түр зуурын усархаг бороо орсны улмаас Их булан, Бөхөн-Уул, Цагаан-Эрэг, Ногоон багийн зарим айл өрхүүд усанд автсан тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийт 55 айлын хашаа, байшин усанд автсан байсныг усыг соруулан гаргах арга хэмжээ авч ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top