ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс судалгааны байгууллагуудтай хамтран боловсруулсан “Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээний зөвлөмж”-ийг хүргэж байна.
Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин өнгөрөгч зургадугаар сараас эхлэн олон жилийн дунджаас 40 см-аас дээш, Сэлэнгэ мөрний уртын дагууд мөн Хэнтий нурууны Туул голын адгаар, Завхан голын эхэн хэсэг, Алтайн уулсаас эх авсан Ховд, Буянт голын адаг хэсгээр голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-60 см-аар их байсан.
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр энэ сарын эхний 10 хоногийн байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу хур тунадас орсны улмаас Туул, Хараа, Орхон, Сэлэнгэ зэрэг томоохон гол мөрний усны түвшин нэмэгдэж, үер усны аюул улс орон, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал үүсээд байна.
Улиастай, Туул гол, Босгын гүүр орчимд усны түвшин үерийн аюултай хэмжээг давсан, Хараа, Хэрлэн, Халх, Балж, Онон, Орхон, Зэгстэй, Онги голуудын усны түвшин үерийн түвшнөөсөө 10-110 см даван үерлэж, гамшгийн түвшинд хүрэх эрсдэл хэвээр байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээгээр энэ сарын сүүл ирэх сард нийт нутгаар дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй, нэгэнт үерийн аюултай түвшинд хүрсэн гол мөрнүүд үерлэх эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа тул олон нийтээрээ үерийн аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргүүллээ.
Төрийн болон нутгийн захиргааны төв байгууллагууд, мэргэжлийн байгууллагуудад:
-Цаг агаарын эрсдэлт үзэгдэл болох тухай сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг иргэдэд тогтмол өгч, сум, баг, дүүрэг, хороо бүр үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, анхааруулах ажлыг шуурхай, хүртээмжтэй зохион байгуулах;
-Иргэд гэр орон, байшин, хашаа, саравчаа үерийн усны зам, голын голдрил, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татам, өндөр хүчдэлийн ойролцоо бариулахгүй байх хяналт, шаардлага тавьж, үерийн аюултай бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх;
-Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд гамшгийн эрсдэлийн үнэлгээг суурь болгож, үерийн аюултай бүс нутагт газар олголт хийхгүй байхад анхаарах;
-Үер усны аюулын улмаас үүссэн ус, хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, мэргэжлийн байгууллагуудаар холбогдох сорилт шинжилгээг хийлгэж, цэвэршилтэд хяналт тавих;
-Зам, талбайн лаг шаврыг цэвэрлэж, мэргэжлийн байгууллагуудаар ариутгал халдваргүйтгэлийг хийлгэж, болзошгүй халдвараас сэргийлэх;
-Үерийн улмаас бохирдож, нөөцөд нь нөлөөлөх магадлалтай цэвэр усны худаг, цэвэр усны эх үүсвэрийг яаралтай хамгаалалттай болгох;
-Үерийн аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлагын бүрэн бүрэн байдал, эвдрэл гэмтлийг тогтмол шалгаж, мэргэжлийн инженер, судлаачдын тооцоо судалгаанд үндэслэж шинээр барьж байгуулах ажлыг эрчимжүүлэх;
-Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан томоохон гол мөрний эрэг дагуу амарч байгаа иргэдэд үер, усны аюулын талаар сэрэмжлүүлгийг өгч, эргүүл хяналтыг тогтмол ажиллуулах;
-Шаардлагатай багаж тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис уусмал, эмнэлэгийн тусламж үйлчилгээ, нүүлгэн шилжүүлэх түр байрыг орон нутгийн онцлог, хүн амын тоо зэрэгт нийцүүлэн бүрдүүлж, ажиллах хүн хүчний бэлэн байдлыг хангах;
-Аж ахуйн нэгж, байгулулагууд гамшгийн эрсдэлийн үнэлгээндээ үерийн эрсдэлийн зураглалын заавал гаргаж, тохиолдож болзошгүй эрсдэлийг үндэслэлтэй үнэлж тодорхойлох, хамгаалах талаар холбогдох арга хэмжээг цаг тухай бүрт нь авч хэрэгжүүлэх;
-Үерт автсан айл өрхийн иргэд, голомтод ажиллаж байгаа алба хаагчдын дунд А гепатит зэрэг халдварт өвчинд өртөх өндөр эрсдэлтэй тул халдвар хамгаалалын бэлтгэлтэй байх;
-Тариалангийн талбай усанд автагдаж, намрын ургац хураалтад нөлөөлж болзошгүй байгааг тариаланчид анхаарч, үер усны далан шуудуу татах;
-Улаанбуудайн талбайг хүрэн зэв, септориоз зэрэг өвчний халдвар, хөнөөлт шавьж үржиж болзошгүй учир үерийн бохир уснаас талбай хамгаалах арга хэмжээ авах.
Иргэд, олон нийтэд:
-Цаг агаарын сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж мөрдөх;
-Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах. Гэр, байшин, хашаа, саравчаа үерийн усны зам, голын голдрил, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татам, өндөр хүчдэлийн ойролцоо барихгүй байх;
-Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих;
-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмөөс 200 м-ээс дотогш тоглуулахгүй, ойртуулахгүй байх;
-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх;
-Малчид, иргэд, тээвэрчид гол мөрний гарц, гармаар гарахдаа гайгүй биз, өмнө нь болж байсан, машин найдвартай, гарц гарам нарийхан гэх мэт хийсвэр байдлаар хандахгүй байж, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.