1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +31+36 градус, Алтайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +25+30 градус, бусад нутгаар +20+25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, +23+25 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-ний өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, говийг аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3+8 градус, өдөртөө +18+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17+22 градус, өдөртөө +31+36 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +13+18 градус, өдөртөө +25+30 градус, бусад нутгаар шөнөдөө +9+14 градус, өдөртөө +20+25 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 1 дүгээр гудамжинд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2023.07.19-ний өдрийн 12:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын “Бонго-3” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1 дүгээр хэсэгт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 00:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр, иргэн Д-ын 5 ханатай гэр тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /48 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн. Мөн иргэн Г /74 настай, эмэгтэй/-ын 2 гар, нурууны хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ 103-ийн жижүүрийн эмчид хүлээлгэн өгсөн.
3.Ой, хээрийн түймэр:
Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Хулт хилийн харуул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 410 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 07:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, хээрийн гал түймрийг мөн өдрийн 13:10 цагт цурамд оруулж, 13:30 цагт унтраасан.
4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Үер-Гол, мөрөн усны үер: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2,3,4,12,13 дугаар багууд /сумын төвд/ 07.18-ны өдрийн 22:40 цагаас 23:00 цагийн хооронд түр зуурын усархаг бороо орсны улмаас Их булан, Бөхөн-Уул, Цагаан-Эрэг, Ногоон багийн зарим айл өрхүүд усанд автсан тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Өлгий сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж байна. Үерийн усанд нийт 5 багийн 210 өрхийн гэр, байшин автсан бөгөөд 07.19-ний өдрийн 23:00 цагийн байдлаар тусламж шаардлагатай байсан 54 өрхийн 145 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, усанд автсан 40 гэр, байшингийн 597 тн орчим усыг соруулж аюулгүй болгосон. Мөн 16 метрийн урттай хамгаалалтын даланг байгуулж, 5 байршилд 6 метрийн гүнтэй нүх ухаж усыг газарт нь шингээх ажиллагааг зохион байгуулаад байна. 07.20-ны өдөр үерийн усаар орж ирсэн лаг шавруудыг цэвэрлэх, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулна.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамир багийн “Тамир” хороолол, 12 дугаар гудамжинд 07.19-ний өдрийн 19:05 цагийн орчимд орсон түр зуурын аадар борооны улмаас 1 өрхийн гэр, 2 аж ахуй нэгжийн байр, 1 орон сууцны байрны зоорийн давхар усанд автсан тухай дуудлагыг мөн өдрийн 19:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж нийтийн орон сууцны байрны зоорийн давхар усанд автсан байсан 17 тн орчим усыг соруулж аюулгүй болгосон.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” суурьшлын бүс /аймгийн төвөөс зүүн урд зүгт 344 км-т, сумын төвөөс урд зүгт 100 км-т/ 07.19-ний өдрийн 17:30 цагаас 18:00 цагийн хооронд орсон түр зуурын аадар борооны улмаас тухайн суурьшлын бүс дэх айл өрхийн гэр, аж ахуй нэгж байгууллагын байр усанд автсан тухай дуудлагыг мөн өдрийн 18:20 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид үерийн даланг сэтлэн усыг урсгаж гадагшлуулах, усыг соруулах ажиллагааг зохион байгуулж, 07.20-ны өдрийн 00:37 цагт аюулгүй болгосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР