Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +15+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32+37 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +25+30 градус, бусад нутгаар +19+24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруунаас 5-10 м/с, +19+21 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг,  зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-ны өдөр баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +7+12 градус, өдөртөө +20+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20+25 градус, өдөртөө +34+39 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +16+21 градус, өдөртөө +30+35 градус, бусад нутгаар шөнөдөө +12+17 радус, өдөртөө +24+29 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 10 дугаар хэсгийн автозамын зорчих хэсэгт Ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 09:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн  “Синотрак” загварын ачааны автомашины баруун хойд талын дугуй шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны  өдрийн 12:47 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.        

Дорноговь аймгийн Алтанширээ сумын Чулуун гишгэр багийн Цагаан дэлийн 5 дугаар гудамжинд 07.22-ны 23:20 цагийн орчим 1 гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 23:36 цагт хүлээн авсан.  Гал түймэрт иргэн И-ийн 5 ханатай гэр шатсаныг Алтанширээ сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.23-ны өдрийн 02:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийналба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн Ботгоны хавцал гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 160 км-т, сумын төвөөс урд зүгт 60 км-т/ Автозамын зорчих хэсгийн хажуу тал руу ачааны автомашин онхолдож, автомашины бүхээгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход тус аймгийн Булган сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан “Норд бенз” загварын зүтгүүр автозамын хажуу тал руу онхолдож, автомашины бүхээг дотор жолооч Э/24 настай, эрэгтэй/ хавчуулагдаж нас барсан тул 20 минут ажиллан цогцсыг гарган тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн мөрдлөгчид, зорчигч иргэн И /25 настай, эрэгтэй/, Э19 настай, эрэгтэй/, Э /17 настай, эмэгтэй/ нарыг эсэн мэнд гарган тус сумын Эрүүл мэндийн төвд тус тус хүлээлгэн өгсөн.

– Голын усанд осолдсон: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Элстэй тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 153 км-т, сумын төвөөс урд зүгт 3 км-т/ “Сэлэнгэ” голын усанд 1 хүн сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 14:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Сэлэнгэ” голын усанд орж байгаад иргэн А /28 настай, эрэгтэй/ живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 15:34 цагт осолдсон “Элстэй тохой” гэдэг газраас зүүн зүгт 2 км-т “Малчны хороо” гэдэг газарт голын усны мандлаас цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Голын усанд суусан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Улиастайн гүүр” дээд талд “Улиастай” голын усанд 3 зорчигчтой суудлын автомашин суусан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 10:47 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Муссо” загварын суудлын автомашин голын усанд сууж, автомашины бүхээг дотор нь иргэн Б /63 настай, эрэгтэй/, Н /41 настай, эмэгтэй/, Г/7 настай, эмэгтэй/ нар байсныг чирэгч ашиглаж, 10 минут ажиллан татан гаргасан.

Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн “Бага-Улиас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 35 км-т, сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ Улаангом сумаас Тариалан сумын чиглэлд зорчиж явсан 6 зорчигчтой суудлын автомашин “Хархираа” голын усанд суусан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 15:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход ”Тоёота хайлукс” загварын суудлын автомашин “Хархираа” голын усанд гарам андуурч ороод сууж, жолооч О /44 настай, эрэгтэй/, зорчигч О/46 настай, эмэгтэй/, Ц /33 настай, эрэгтэй/, А /5 настай, эмэгтэй/, А /4 настай, эрэгтэй/, Ц /6 сартай, эрэгтэй/ нар автомашины бүхээг дээрээ гарсан байсныг аврах завь ашиглан аюулгүй газарт гаргаж, 18:04 цагт автомашиныг татан гаргасан.

– Нүхэн жорлонд унах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо усаар дүүрсэн нүхэн жорлонд 1 хүн унаж живсэн тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С /37 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4 метрийн гүнтэй усаар дүүрсэн нүхэн жорлонд унаж нас барсан байсныг 30 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.           

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top