Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудын нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +19+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +27+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32+37 градус, бусад нутгаар +22+27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүсч, +24+26 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-ны өдөр нутгийн баруун хагаст, 28-ны өдрөөс нийт нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +7+12 градус, өдөртөө +20+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +22+27 градус, өдөртөө +36+41 градус, говийн бүс нутийн хойд хэсгээр шөнөдөө +17+22 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +12+17 радус, өдөртөө +26+31 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн “Тоонот” хороолол /аймгийн төвөөс хойд зүгт 186 км-т, сумын төвд/ 07.24-ний өдрийн 23:52 цагт байшин шатсан тухай мэдээллийг 07.25-ны өдрийн 08:45 цагт хүлээн авсан. Батширээт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж тус сум дахь 5х6 метрийн хэмжээтэй байшин шатсаныг 07.25-ны өдрийн 02:40 цагт унтраасан тухай мэдээллийг Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн “Колонк” хорооллын 1 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс хойд зүгт 186 км-т, сумын төвд/ 07.25-ны өдрийн 05:53 цагт байшин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 08:45 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, иргэн С-ын 5х11 метрийн хэмжээтэй байшин болон 2х3 метрийн хэмжээтэй 2 амбаар, хураалгаатай байсан 5 ханатай гэр шатсаныг 08:35 цагт унтраасан тухай мэдээллийг Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Бор толгойн зүүн талд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 14:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Л350Эйч” загварын авто ачигч шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн “Шаргын-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 193 км-т, сумын төвөөс хойд зүгт 27 км-т/ автозамын зорчих хэсэгт  Ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчлыг очиход иргэн М-ын “Норд бенз” загварын ачааны автомашины бүхээгний хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн “Худалдааны” гудамжны задгай автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн “Ниссан санни” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн Тошилтын хөтөл гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу онхолдож, автомашины хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 02:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Увс аймгийн Хяргас сумаас Улаамгом сумын чиглэлд зорчиж явсан “Форд рэнжер” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн замын хажуу тал руу онхолдож, бүхээгт нь жолооч А /43 настай, эрэгтэй/, зорчигч Х /56 настай, эмэгтэй/ нар хавчуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллан цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн бөгөөд зорчигч С /31 настай, эмэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/, Ш /17 настай, эрэгтэй/, Э /14 настай, эрэгтэй/ нарыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн “Хуст-Арал” гэдэг газар 07.09-ний өдрийн 04:00 цагийн орчим иргэн Н, Б нар “Ховд” голын усанд живсэн байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 07.24-ний өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 07.25-ны өдрийн 11:15 цагаас тус аймгийн Өлгий сумын харьяат иргэн Н /48 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 18:26 цагт Өлгий сумын 11 дүгээр багийн “Их булан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 13 км-т/-аас “Ховд” голын уснаас цогцсыг олж гарган, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Маршилын гүүр”-ийн баруун талд “Туул” голын усанд 1 хүн живж болзошгүй байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 00:19 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш /49 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд орж  голын салаанд боогдсон байсныг аврах завь ашиглан аюулгүй газарт гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Өндрөөс унах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 7 дугаар давхарын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 21:23 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /35 настай, эмэгтэй/ үсэрч болзошгүй байсныг 10 минут ярилцлага хийж, эсэн мэнд буулган нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн аврах ажиллагаа: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг тагтны хамгаалалтын төмөр хийцэд бага насны хүүхэд хөлөө оруулаад гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 16:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Ц /7 настай, эмэгтэй/ тагтны хамгаалалтын төмөр хийцэд хөлөө оруулаад гаргаж чадахгүй байсныг “Холматро”-гийн тэлэгч багаж ашиглан 3 минут ажиллан гаргаж, ээжид нь хүлээлгэн өгсөн.   

Ус, шаварт суусан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, “Шувуун фабрик”,  “Бөхөг”-ийн гол явах замд 5 зорчигчтой суудлын автомашин үерийн усанд суусан тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн А-ийн “Тоёота Aльфард” загварын суудлын автомашин /2 том хүн, 3 хүүхэдтэй/ усанд суусан байсныг 7 минут ажиллан татаж гаргасан.      

4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 2 дугаар 30 айлын орон сууц, 07.25-ны өдрийн 13:30 цагаас мөн өдрийн 14:15 цагийн хооронд орсон борооны улмаас орон сууцны зоорийн давхар руу ус орсон тухай дуудлагыг мөн өдрийн 14:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид очиж, 5 давхар орон сууцны зоорийн давхар усанд автсан байсныг 2 цаг 23 минут ажиллан соруулж, аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top