Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2023.07.26/ цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чиглэлээр Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрлөө.
Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнгөрсөн сарын 10-12-ны өдрүүдэд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бутны зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрсэн. Үүний улмаас модон 7, төмөр бетон 1 гүүр үерт өртөж, дахин ашиглах боломжгүй болсон.
Иймд тус гүүрүүдийг сэргээн засварлахад Засгийн гарын нөөц сангаас хөрөнгө гаргах, мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Хараа голын гүүрийг сэргээн засварлах төсвийг шийдвэрлэлээ.
Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас “Сэлбэ”голын далан зарим газраараа сэтэрч, яаралтай сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Засгийн газрын хуралдаанаар цаг агаарын мэдээллийг цаг тухай бүрт нь олон нийтэд өгч, болзошгүй аюул, эрсдэлээс сэргийлж ажиллахыг Улсын онцгой комисст үүрэг болголоо.