1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Дорноговь, Завхан, Сүхбаатар, Хөвсгөл аймагт бороо орсон.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Орхон Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +20…+25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34…+39 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 07:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 5алба хаагчдыг очиход иргэн А-ийн 5х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн “Худалдаа”-ны 13 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 01:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 4х4 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Ойн түймэр: Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн “Бэрх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 400 км-т, сумын төвөөс зүүн урд 20 км-т, Тэс сумаас баруун урд зүгт 70 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Автозамын тээврийн осол: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Далын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 48 км-т, сумын төвөөс урд зүгт 60 км-т/ ачааны авомашин, суудлын автомашинтай мөргөлдөж суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 21:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ө-ын ND4250 загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан “Аука” загварын суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас суудлын автомашин шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан. Суудлын автомашинд зорчиж явсан 5 иргэн нас барсан тул цогцсыг гаргаж 07.27-ны өдрийн 07:15 цагт Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.
– Голын усанд осолдсон: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршлын гүүр”-ний баруун талд “Туул” голын эрэг дээр 2 хүн зугаалж байснаас 1 хүн нь голын усанд живсэн тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /37 настай эмэгтэй/ живж нас барсан байсан тул 14:39 цагт цогцсыг гаргаж Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Сонсголон”-гийн гүүрний зүүн талд 4 хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байснаас 1 хүүхэд голын усанд живсэн тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 19:01 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход О /15 настай, эрэгтэй/ живж байхдаа голын эргийн бургаснаас зүүгдсэн байсныг 19:54 цагт эсэн мэнд гаргасан.
Усанд боогдсон: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Хунтын гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 20 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ 1 хүн Онги голын усанд боогдсон тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 21:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О /38 настай, эрэгтэй/ Онги голын салаанд усанд боогдсон байсныг завиар зөөвөрлөн ус гаталгаж өгсөн.
– Хаалга цоож нээх: Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо бага насны хүүхэд гэртээ цоожлогдсон хаалга онгойлгож өгөх хүсэлтийг 07.26-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж иргэн Б/33 настай, эмэгтэй/-ийн орон сууцны цонхоор нь орж хаалгыг нь онгойлгож өгсөн.
– Цахилгаан шат гацсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 9 давхар орон сууцны барилгын 3 давхарт цахилгаан шат гацаж дотор нь 1 хүн агааргүйдсэн тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 02:08 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж иргэн Д/49 настай эрэгтэй/-ийг цахилгаан шатнаас эсэн мэнд гаргасан.
5.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хараат багийн “Их цэгээн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 120 км-т, сумын төвөөс баруун хойд 28 км-т/ 07.25-ны өдрийн 19:00 цагийн үед орсон аадар борооны улмаас 1 айлын 2 гэр нурж, 200 бог мал хорогдсон мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Д-ийн 2 гэр нурж, 150 ишиг, 50 ямаа хорогдсон тухай мэдээллийг Цагаан дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР