Далайн шуурганаас үүдэлтэй үерийн улмаас Бээжин хотод хоёр хүн амиа алджээ

r8vxna_beijing_flood_1_x974.jpg

Баасан гарагт Фүжян мужид анх газардсан Доксури далайн хар салхи умард зүгт шилжсэний улмаас сүүлийн өдрүүдэд Хятадын нийслэл Бээжин хот хүчтэй үерт автаад байна.

Хятадын Цаг Уурын Байгууллагын мэдээлснээр Бямба гарагийн оройгоос Даваа гарагийн үд дунд хүртэл хугацаанд Бээжинд 170.9 мм буюу долдугаар сарын нийт хэмжээтэй тэнцүү хур тунадас унажээ.

Бээжин болон хойд Хятадын бусад хотуудад хамгийн богинодоо дахиад 24 цаг аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

Өнгөрсөн хугацаанд Бээжин хотод хоёр хүн үерт амиа алдаж, 31,000 орчим хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ.

зураг

Эрх баригчид шуурганы эрчийг сулрах хүртэл гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд зөвлөж, нас барсан хүний тоо цаашид өсөх төлөвтэй байгааг анхааруулж байна.

Нийслэл хотод гамшгийн зэргийг улаан түвшинд шилжүүлж, байгууллагуудад ажилтнуудаа зайнаас ажиллуулах заавар өгчээ.

Метроны өртөөнүүд усаар дүүрч, автомашинууд гудамжаар урсаж буйг харуулсан дүрс бичлэгүүд Хятадын сошиал орчинд олноор тарж байна.

зураг

Ойрын өдрүүдэд Хятадын хүн ам шигүү суурьшсан өмнөд Зэжянь мужийг Ханун далайн хар салхи дайрах төлөвтэй байна.

Бээжингийн үер энэ зуны цаг агаарын гамшигт үзэгдлүүдийн зөвхөн нэг нь юм.

Сүүлийн саруудад Хятадын хэд хэдэн бүс нутаг түүхэндээ байгаагүй хэмжээгээр халаад байгаа.

Дэлхийн цаг агаар аж үйлдвэржилтийн эхэн үетэй харьцуулахад Цельсийн 1.1 хэмээр дулаарсан гэж судлаачид үздэг.

Үүний улмаас агаар халж, агаар мандал дахь чийгийн хэмжээ нэмэгдсэнээр үер усны аюулын эрчим, давтамж улам нэмэгдсэн гэж тайлбарлаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

scroll to top