Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр +17…+22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +27…+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр +32…+37 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлэрхэг, бороо орно, салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24…+26 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 5, 6-нд нутгийн хойд хагаст дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21…+26 градус, өдөртөө +34…+39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 85 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 07:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 80х70 метрийн хэмжээтэй агуулахын дээвэр, хураалттай байсан хөөсөнцөр шатаж байсныг ажиллаж тус тус унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны “Бага наран”-гийн 32 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 09:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 12:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн “Задгай” хог шатаж байна гэсэн тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 14:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид очиж 4 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй багийн 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.01-ний 15:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан.  

3. Ой, хээрийн түймэр:

– Ой, хээрийн түймэр: Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Арын-Үзүүр гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 305 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд модны үндэс, унанги модны асаж байгаа хэсгүүдийг унтрааж байна.   

4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Аянга: Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Дэрчингийн-Орой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 85 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ 08.01-ний 17:30 цагт малчин айлын гэрт аянга буусан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Ө-ийн гэр дээр аянга буусны улмаас малчин А /53 настай, эмэгтэй/, А /37 настай, эрэгтэй/ нар бага зэрэг түлэгдсэн тухай мэдээллийг тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Уруйн үер: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Цахиурт багийн “Арвайн тал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 11 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ 08.01-ний өдрийн 18:00-21:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас хатуу хучилттай авто замын зорчих хэсэг дээгүүр ус хальж урссан тул автомашин усанд боогдсон тухай дуудлагыг 21:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар алба хаагчид очиж усанд боогдсон 10 автомашиныг татан гаргасан. 

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Баатарын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/08.01-ний өдрийн 18:00-20:00 цагийн хооронд усархаг аадар бороо орж уруйн үер буусны улмаас 2 хүн (үүнээс 1 хүүхэд), гэртэйгээ үерийн усанд урсаж нас барсан тухай дуудлагыг 20:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Б /32 настай, эмэгтэй/, Б/2 настай, эрэгтэй/ нар гэртэйгээ урсаж нас барсан тул Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн ажиллаж иргэн Б /32 настай, эмэгтэй/-ийн цогцсыг 20:30 цагт /гэрээс нь урд зүгт 300 метрээс/ олсон. Б /2 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.02-ны өдрийн 06:07 цагт гэрээс нь урд зүгт 1.5 км-ээс олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багийн “Задгай” /шинэ суурьшлын бүс/ 08.01-ний өдрийн 16:35-17:25 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас 8 айлын гэр, хашаанд ус орсон тухай дуудлагыг 23:57 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж үерийн усны гольлдролыг өөрчилж 400 метрийн урттай шороон далан босгосон.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top