Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл Хэнтий аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цагагаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,  Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +19+24 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +28+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +34+39 градус, бусад нутгаар +22+27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, +25+27 градус дулаан байна.

Төлөв байдал: 5, 6-ны өдөр нутгийн хойд хагаст, 7-ны өдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +4+9 градус, өдөртөө +16+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21+26 градус, өдөртөө +35+40 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +14+19 градус, өдөртөө +26…+31 градус, бусад нутгаар шөнөдөө +9+14 градус, өдөртөө +20+25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Хүрмэлтийн-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс  баруун  зүгт 290 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ 08.03-ны өдрийн 18:00 цагийн орчим 1 гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:55 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин А-ын 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг Гичгэнэ багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн Зүүн байдлагийн дэнж гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 229 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 19:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн 4х6 хэмжээтэй байшин шатаж, зэргэлдээх 4х4 хэмжээтэй байшингийн баруун талын хананы хэсэг шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. Уг гал түймэрт иргэн Ц/40 настай,эмэгтэй/-ийн гар хөлний хэсэг хөнгөн түлэгдсэн тул нийслэлийн Багануур дүүргийн эрүүл мэндийн төв рүү хүргүүлсэн.          

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Нуурын усанд осолдсон: Увс аймгийн Ховд сумын Ачит нуур багийн “Олон нуурын холбоо цоохор” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 280 км-т, сумын төвөөс хойд зүгт 90 км-т/ 08.01-ний өдрийн 23:00 цагийн орчим “Олон нуурын холбоо цоохор” гэдэг газраас Улаангом сумын чиглэлд суудлын автомашинаар зорчиж явсан иргэн Н нь бага насны хүүхдийнхээ хамт сураггүй болсон. Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд “Цоохорын-Адаг” нуурын усанд автомашинтайгаа живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 10:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Ховд сумын мэргэжлийн ангийнхан очиж, иргэн Н /33 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/, Э/5 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Мөн өдрийн 20:23 цагт иргэн Н-ийн цогцсыг “Цоохорын-Адаг” нуурын эргээс 4 метрийн гүн /эргээс 14 метр/-ээс, 21:50 цагт Э-ийн цогцсыг нуурын 6 метрийн гүн /эргээс 15 метр/-ээс автомашины бүхээг дотроос тус тус олж, гарган Ховд сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн.

Өндрөөс унах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо цонхны тавцан дээр бага насны хүүхэд унаж болзошгүй, сууж байна  гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Н /13 настай, эмэгтэй/ цонхны тавцан дээр сууж байсан тул тагтанаас аврах олс  ашиглан бууж, тухайн хүүхдийг дотогш оруулан аюулгүй болгосон бөгөөд тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Ус, шаварт суусан: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн “Хангай-Овоо” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т/Хархорин сумаас “Хангай-Овоо” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан 5 зорчигчтой 2 суудлын автомашин тогтоол усанд суусан тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар алба хаагчдыг очиход  иргэн А-ын “Тоёота приус-30” загварын суудлын автомашин, иргэн О-ын “Хьюндай старекс” загварын суудлын автомашин тогтоол усанд суусан байсныг 1 цаг ажиллаж татан гаргасан.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн Дунд хаг гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 41 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/  Хонхор нуурын усны түвшин нэмэгдэж тухайн газарт нутаглаж байсан тус сумын харьяат малчин Л-ийн бог мал усанд боогдсон тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 17:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, малчин Л-ийн 25 бог мал усанд боогдсон байсныг аюулгүй газарт гаргасан.            

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top