Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл Хэнтий аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун  аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар  бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +16+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +28+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33+38 градус, бусад нутгаар +21+26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, +24+26 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 11-ний төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд  5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +6+11 градус, өдөртөө +18+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21+26 градус, өдөртөө +35+40 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +15+20 градус, өдөртөө +29+34 градус, бусад нутгаар шөнөдөө +11+16 градус, өдөртөө +23+28 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Сайхан сумын Хулж багийн “Хонхор шанд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 120 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т/ 08.05-ны өдрийн 23:00 цагийн орчим суудлын автомашин шатаж, 2 хүн түлэгдэж бэртсэн тухай мэдээллийг 08.06-ны өдрийн 10:47 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан “Маяти” загварын ачааны автомашин шатсаныг унтраасан. Гал түймэрт иргэн Э /34 настай, эрэгтэй/, иргэн Д /32 настай, эрэгтэй/ нар түлэгдэж бэртсэн тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 08.06-ны өдрийн 02:00 цагт хүргэгдсэн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 71 дүгээр гудамжинд байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 9х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Туул” голын салаанд 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 08.06-ны өдрийн 16:32 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход хаяг, нэр тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэй хүний цогцос “Туул” голын салаанд хайргадаж тогтсон байсныг 10 минут ажиллан гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 5 дугаар хэсгийн 91 дүгээр гудамжинд суудлын автомашин үерийн усаар дүүрсэн нүхэнд суусан тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн “Соната-5” загварын суудлын автомашин нүхэнд суусан байсныг татан гаргасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Тэрэлжийн гүүр” гэдэг газар  “Туул” голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид очиж, иргэн Б-ын “Ниссан караван” загварын суудлын автомашин голын усанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчоо-ны хойд талд “Туул” голын усанд суудлын автомашин живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 15:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын “Тоёота кровн 200” загварын автомашин “Туул” голын усанд живсэн байсныг 40 минут ажиллаж татан гаргасан.

4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Аянга: Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Тээл гэдэг” газар /аймгийн төвөөс урд зүгт 105 км-т, сумын төвөөс баруун зүгт 80 км-т/ 08.05-ны өдрийн 20:40 цагийн орчим 4 хүн уулан дээр гарч утсаар ярих гэж явснаас 2 хүн нь аянганд цохиулж нас барсан тухай мэдээллийг 08.06-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Иргэн Б /35 настай, эрэгтэй/, иргэн Ч /36 настай, эрэгтэй/ нар аянганд цохиулж нас барсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11, 15 дугаар баг 08.06-ны өдрийн 18:49 цагаас 19:24 цагийн хооронд орсон усархаг борооны улмаас тус сумын 11 дүгээр баг дахь 17 дугаар байрны зоорийн давхар, 15 дугаар багийн Мангирт хэсгийн 3 дугаар гудамжинд 1 гэр усанд автсан тухай дуудлагыг мөн өдрийн 19:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22, 55 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ажиллаж, иргэн М-ийн 5 ханатай гэр, 17 дугаар байрны зоорийн давхар руу орсон усыг соруулж, аюулгүй болгосон.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top