1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Булган, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +20…+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +30…+35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +36…+40 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, Өдөртөө +27…+29 градус дулаан байна.
Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн ихэнх хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, 11-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21…+26 градус, өдөртөө +35…+40 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр 11-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Дэвшил”-ийн 2 дугаар гудамжинд жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 12:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны “Сурагч”-ийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 21:09 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшин, 8х8 метрийн хэмжээтэй граж тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Өндрөөс унах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороон 9 давхар орон сууцны байрны 8 давхрын цонхоор 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 08.07-ний өдрийн 12:44 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц /22 настай, эмэгтэй/ 8 дугаар давхрын цонхоор үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгасан.
Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Бусад: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн 22 дугаар гудамжны “Задгай” бохирын шугамын төмөр хоолой солихоор нүх ухаж байсан 2 хүн шороонд даруулсан тухай дуудлагыг 08.07-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Б /31настай, эрэгтэй/, Б /24 настай, эрэгтэй/ нар 3 метрийн гүнтэй бохирын шугамын нүх ухаж байгаад шороонд даруулсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо орон сууцны байрны цахилгаан шат гацаж дотор нь бага насны хүүхэд агааргүйдсэн тухай дуудлагыг 08.07-ний өдрийн 17:54 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Б /5 настай эрэгтэй/-г эсэн мэнд гаргаж ар гэрт нь шилжүүлэн өгсөн.
Төв аймгийн Баянцагаан сумын Гурван түрүү багийн “Гурван түрүү” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 130 км, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ 08.05-ны өдрийн 17:00-18:00 цагийн хооронд хүчтэй аадар бороо орсны улмаас бог мал үерт урсаж хорогдсон. Тус сумын харьяат малчин Э-ын 198 бог мал үерт урсаж хорогдсон тухай мэдээллийг Баянцагаан сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт 08.07-ны өдрийн 23:00 цагт ирүүлсэн.
4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Урт багийн “Уртын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 3 км-т/ 08.07-ны өдрийн 17:00 цагаас 20:00 цагийн хооронд бороо орсны улмаас 1 суудлын автомашин усанд боогдсон тухай дуудлагыг 21:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Тарагт сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Д “Харриер” загварын суудлын автомашин усанд боогдсон байсныг 15 минут ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР