О.Дашням
Онцгой байдлын байгууллагын залуу офицеруудын чуулга уулзалт энэ сарын 9-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Эрэн хайх аврах салбарын аврах ажиллагааны мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Гончигдоржтой ярилцлаа.
-Эхлээд та Агаараас эрэн хайх, аврах ажиллагаа явуулдаг ангийнхаа үйл ажиллагааны талаар ойлголт өгөхгүй юу?
-Манай анги бол ОБЕГ-ын хамгийн отгон анги. Үйл ажиллагаа явуулж эхлээд жил гурван сар болж байна. Энэ хугацаанд 70 гаруй тусгай нислэг хийж, 120 гаруй иргэний амь насыг аварч ажилласан.
-Цасанд боогдсон, төөрсөн үед аврах ажиллагааг агаараар явуулдаг гэж ойлголоо?
-Нийслэлийн бүс болон орон нутагт нисдэг тэрэгтэйгээр аврах ажиллагаа явуулдаг. Шаардлагатай гэж үзвэл зам тээврийн ослын үед ажиллана. Эмнэлгийн баг давхар явж үүрэг гүйцэтгэдэг. Ослын улмаас гэмтэж, бэртсэн иргэдийг эмнэлгүүд рүү зөөвөрлөх ажиллагааг явуулдаг гэж хэлж болно. Сүүлд л гэхэд үерийн улмаас Био комбинатад усанд боогдсон иргэдийг аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Цасанд боогдсон, төөрсөн иргэдэд тусламж үзүүлж ажилладаг.
-Нисдэг тэрэгнээс аврах ажиллагаа явуулна гэхээр овсгоо шаардах болов уу. Ийм аврагчдыг хэрхэн бэлтгэдэг юм бэ?
-Манай аврах ажиллагааны багийг Францын мэргэжилтнүүд бэлтгэсэн. Намайг бол Францын иргэний хамгаалалтын сургагч багш бэлтгэсэн. Энэ чиглэлийн аврах ажиллагаанд цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй баг үүрэг гүйцэтгэж ажилладаг. Нэг удаагийн аврах ажиллагаанд аврах ажиллагааны удирдагч, үндсэн аврагч, яаралтай тусламжаар мэргэшсэн эмч, сувилагч үүрэг гүйцэтгэнэ. Ийм бүрэлдэхүүнтэйгээр ослын газарт ажилладаг.
-Зам тээврийн осолд ажилладаг талаар хэлсэн. Энэ талаараа тодруулбал?
-Сүүлийн үеийн тээврийн хэрэгсэл хөнгөн хийцтэй, мотор хүндтэй болсон. Мөргөлдөхөд мотор хойшоо ороод жолоочийг суудалтай нь хавчих нь бий. Ийм үед шуурхай зөв, арга хэмжээ авч иргэнийг татан гаргах ёстой. Ингэснээрээ амь насыг аврах боломжтой. Хэдий чинээ шуурхай ажиллана, тэр хэрээр хүний амь насыг хамгаалах боломжтой гэж үздэг.
-Та удам дамжсан аврагч гэв үү?
-Миний аав Онцгой байдлын ерөнхий газарт аврагчаар ажиллаж байгаад гавьяаны амралтандаа суусан. Миний ээж ч ОБЕГ-т дуудлага хүлээн авагчаар ажилладаг байлаа. Өөрийнхөө аюулгүй байдлыг хангаад бусдыг аюулгүй болгох чадварыг гойд эзэмшсэн ааваараа бахархдаг юм. Аав минь олон ч удаагийн аврах ажиллагаанд оролцож олон хүний эрдэнэт амийг аварч байсан хүн. Ийм гавьяаг нь үргэлжлүүлээд л хүн ардынхаа энхийн манаанд зогсож байна.
-Гамшиг ослын үед ажиллах урам зоригийг та юунаас авдаг юм бэ?
-Гамшгийн аюулыг сөрж босох нь аврагчдын үндсэн үүрэг л дээ. Ачаалалтай ажиллаад харьж явахад зөрсөн хүмүүс толгой дохиж талархал илэрхийлж, хүндэтгэх нь бий. Дүрэмт хувцсаар минь таниад тэр шүү дээ. Ийм жижиг зүйлсээс л их урам зориг авна.
Би нэг явдлыг огт мартдаггүй юм. Анх Үндэсний аврах бригадад бүлгийн даргаар ажиллаж байлаа. Энэ үедээ Дорнодын Баян-Уул руу түймэрт үүрэг гүйцэтгэхээр явсан юм. Таван хоног үүрэг гүйцэтгээд үүрээр хотод ирсэн юм. Түймэрт ажилласан хүн ямар олиг байх билээ, халтайсан л амьтан буусан. Харих гэсэн унаа байдаггүй, зам дагаад алхаж явтал таксины жолооч ах гэрт минь үнэгүй хүргэж өгсөн. Онцгойн дүрэмт хувцастай залуусаар бахархдаг талаараа хэлэхэд нь мөн ч баярласан. Олон хоног аврах ажиллагаанд явсан ядаргаа ор мөргүй арилчих шиг л санагдсан даа. Иргэдийн энэ эерэг хандлага Онцгой байдлын албандаа зүтгэх эрмэлзлийг минь илүү хурцалж өгдөг юм.
-Таны бахархал юу вэ?
-Миний аав. Мэдээж аврах ажиллагаанд мөр зэрэгцэн зүтгэдэг хамт олон минь байна. Идэр есийн хүйтэнд ч ус руу шумбаж аврах ажиллагаандаа зүтгэдэг нөхдөөрөө бахархдаг юм.
2019 онд Онцгой байдлын албанд ороод удаагүй байлаа. Наймдугаар сард нь Хэнтий аймаг руу усанд осолдсон хүний эрэлд үүрэг гүйцэтгэсэн юм. Усанд осолдсон иргэнийг ар гэрийн хүсэлтээр хайх ажил л даа. Хотоос очоод бид гурав хоног хайж 50 орчим км газарт завьтай явж ажилласан. Ингээд 60 гаруй км-ийн зайнаас нэрвэгдэгчийг олж ар гэрт хүлээлгэж өгч байлаа. Ар гэрт нь хүлээлгэж өгөх маш хэцүү байсан. Өөд болсон хүүгээ хөхөөрөө даллах эх хүнийг харах маш хэцүү. Энэ бүхний дараа магадгүй дахиж хэзээ ч уулзахгүй байж болох нөхцөл байдалд цогцсыг нь ч хүлээлгэж өгч хүсэлтийг нь биелүүлсэндээ бага боловч сэтгэл тайвширсан. Хохирогчдын ар гэр осолдсон хүнийхээ шарилыг ч болов олж авч, хүн ёсоор хөдөөлүүлэхийг хүсдэг. Тэр үүднээс ар гэрийнхний хүсэлтийг биелүүлж чадсандаа бага ч болов хамт олон, өөрийнхөө мэргэжилд урамшиж байсан. Ер нь үертэй үед бол осолдсон хүн олдохгүй байх тохиолдол түгээмэл бий.
-Манай аврагчид гадны улс орнуудын мэргэжил нэгт нөхөдтэйгөө сургалт хийж дуулддаг. Ер нь монгол залуусын аврах ажиллагааны ур чадвар гадныхантай харьцуулахад ямар байдаг юм бол?
-Монгол аврагчдад биеийн хүчний нөөц бололцоо их бий. Олон улсан сургалтын үеэр үүнийг онцолдог. Ерөнхийдөө орчин үеийн тоног төхөөрөмжийг эзэмшиж сурах нь чухал гэж сургагч багш нар хэлдэг юм. Монгол хүн аливаад дасан зохицохдоо гойд сайн. Аврагчдын ур чадвар хаана ч гологдохгүй гэдгийг ам бардам хэлж чадна.
-Аврагчдад амрах цаг хэр гардаг юм бэ?
-Байгуулсан гэрээний дагуу л ажиллана. Гэхдээ тайван амрах цаг бараг гарахгүй. 24 цаг үүрэг гүйцэтгээд буцаж явахдаа утасны дуугаа хаах эрхгүй хүмүүс бол аврагчид. Гэртээ амарч байгаад утас дуугарахад л “Хаана юу болов” гээд л сандарна шүү дээ. Нэг тийм түгшүүртэй ч гэх юм уу, өдөр ч, шөнө ч бэлэн байдалд байхыг шаарддаг.
-Залуу хүн найз нөхөдтэйгөө уулзаад цагийг зугаатай өнгөрөөх үе байх уу?
-Найзуудтайгаа уулзах цаг гаргана л даа. Хэдий найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүллээ ч ардах ажлаа мартаж болохгүй. Би нөхөдтэйгөө дарвиад архи уулаа гэж бодоход үүнээс шалтгаалж гарах үр дагаврыг тооцоолох боломжгүй шүү дээ. Магадгүй хэн нэгний амь насыг аврах боломжоо үгүй хийж мэднэ. Ард нь хэдэн ч гэр бүл хагацал үзэж болно. Тангараг өргөсөн аврагч учраас энэ ойлголтыг тархиндаа кодлосон байдаг. Хүнээс өндөр хариуцлага нэхдэг алба бол Онцгой байдлын алба.
-Ийм хариуцлагатай албанд ажиллах сонирхол залууст хэр байх шиг байна?
-Өөрийн ойлголтоо энд хэлэхэд залуус залхуу болсон юм шиг санагддаг. Бүх асуудлыг амарчлах гээд л. Оюун ухааны хөдөлмөрийг илүүд үздэг болж. Цаг өөрчлөгдөж залуус цахимаар ажиллаж ашиг орлого олох боломжтой болсон. Залуус энэ рүү л тэмүүлдэг болсон нь ил цагаан харагддаг юм. Биеийн хөдөлмөрөөс илүү оюуны хөдөлмөрийг дээгүүр тавих болсон байна. Нөгөө талд хүн байгаа цагт аюул осол байсаар л байна. Энэ үед галын шугамд хамгийн эхэнд зогсох улс бол Онцгойн алба хаагчид. Ийм чухал үед ажиллах хүний нөөц дутагдалтай л санагддаг. Бодлогоор анхаарвал зохих асуудлуудын нэг нь энэ гэж боддог.
-Осол иргэдийн ухамсартай холбоотой байна уу. Та үүнийг яаж харж байна вэ?
-Байгалийн гамшгийн үед бол урьдчилан сэргийлэх боломж бодит байдал дээр бараг байхгүй. Осол бол хүний ухамсартай холбоотой. Аливаа зүйлд хариуцлагагүй хандсанаас л осол болж байгаа юм. Гол төлөв орон нутгийн замд осолдох нь бий. Хэдхэн цагийн л наана, цаана очих асуудалд галзуу юм шиг давхиж хурд хэтрүүлээд ноцтой осол гардаг. За тэгээд манайхны өөртөө барддаг, хийрхдэг зан нь асуудал дагуулдаг. Энэ зан нь архи уусан үед илүү дэвэрнэ.Би усанд загас шиг явдаг гээд л улаанаараа эргэсэн ус руу харайгаад орчихно. Архи уусан хүн усанд ороход булчингийн ажиллагаа нь сулардаг. Шөрмөс нь татна. Ингээд ус залгиад живэх аюултай. Халамцуу үедээ ус руу үсэрч байгаа нь амиа золиосолж байгаатай л яг ижил үйлдэл юм.
Эх сурвалж: Өдрийн сонин