Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.  Монгол-Алтайн уулархаг нутгаар +14…+19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16-нд ихэнх нутгаар, 17, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +27…+32 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн 18401 дүгээр гудамжинд махны үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 09:11 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х80 метрийн хэмжээтэй, 1 давхар агуулахын барилга шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Энхжин” худалдааны төвийн гадна хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 03:25 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 20 тонн чингэлэгт хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Мөрөн сумын Төв багийн Цагаантолгой хорооллын Дэлгэр гудамжинд гэр шатсан тухай мэдээллийг 08.14-ний өдрийн 13:58 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогч даргаар ахлуулсан ажилтнууд очиж иргэн Б-ын 4 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гоодой зуслангийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрс багийн “Цуурайн-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 117 км, сумын төвөөс зүүн урд зүгт 37 км, Хялганат тосгоноос баруун урд зүгт 247 км/-т Мориор мал хариулж явсан иргэн Ч “Туул” голын усанд живсэн байж болзошгүй /өмсөж явсан хувцас нь голын эрэг дээр байсан ба унаж явсан морь нь гэртээ эзэнгүй ирсэн/ тухай дуудлагыг 08.12-ны өдрийн 21:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид иргэн Ч /23 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 08.14-ний өдрийн 07:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 12:37 цагт анх осолдсон “Цуурайн-Үзүүр” гэдэг газар, эргээс 3 метр зайтай, 4.5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн хэсгийн экологийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Өндрөөс унах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо амиа хорлох зорилготой утсаар холбогдсон дуудлагыг 08.14-ний өдрийн 21:52 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн М /15 настай, эмэгтэй/ нь 10 дугаар давхрын орцны цонхон дээр сууж байсныг 20 минут ажиллаж эсэн мэнд буулган Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.

4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн Дэлийн-Өвөр гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км/-т 08.13-ны өдрийн 22:55 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, 27 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас ЕБС-ийн хичээлийн байр, спорт заалны дээвэр нурсан, дээврийн төмөр салхинд хийссэн, 2 гэр нурж дахин ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг 08.14-ний өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд 12:15 цагт очиж нөхцөл байдалтай танилцаж хохирлыг тогтоож ажилласан.

Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн Дэлийн-Өвөр”гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км/-т 08.13-ны өдрийн 22:55 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, 27 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас “Хархорин А,Б” 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683 дугаар хүртэл (5 ш) тулгуур багана унаж Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нийт 54 суманд цахилгаан тасарсан тухай мэдээллийг 08.14-ний өдрийн 10:06 цагт хүлээн авсан. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар хот, Архангай, Орхон, Өвөрхангай аймгийн салбаруудын ажилтнууд гэмтлийг засварлахаар ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос 5 тулгуур баганыг тээвэрлэн хүргэхээр замд явж байна.

Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт багийн “Өлийн хороо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 51 км, сумын төв/-т 08.14-ний өдрийн 15:00-15:30 цагийн орчим усархаг бороо орсны улмаас тус сумын баруун хойд талд байрлах далан сэтэрч 60 айл өрх усанд автсан тухай мэдээллийг 08.14-ний өдөр 18:35 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд даланг сэргээн босгох, усыг зайлуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэсэн мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top