Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Увс, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цагагаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +12+17 градус, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18+23 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +30+35 градус, бусад нутгаар +23+28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсч, +19+21 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 20-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 19-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 17, 18-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0+5 градус, өдөртөө +12+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16+21 градус, өдөртөө +27+32 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +11+16 градус, өдөртөө +22+27 градус, бусад нутгаар шөнөдөө +6+11 градус, өдөртөө +18+23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багийн “Дэнж” хорооллын 1 дүгээр гудамжинд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 13:41 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын “Портер” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.     

Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн “Хар үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 7 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 18:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын “Портер” загварын ачааны автомашин, тээвэрлэж явсан 1 тн өвс шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Үерийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багийн Борхойн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 23:35 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлынгазрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 9  минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хавцал” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 230 км-т, сумын төвөөс хойд зүгт 88 км-т, “Орхон-Хараа” голын бэлчирт/ 08.12-ны өдрийн 12:00 цагийн орчим адууны эрэлд явсан М нь сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь гэрийнхээ гадаа гүйж ирсэн тухай дуудлагыг мөн өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчдыг очиход 08.15-ны өдрийн 06:10 цагаас тус сумын харьяат М /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.15-ны өдрийн 10:11 цагт тус аймгийн Хушаат сумын “Товуухан” гэдэг газарт “Орхон” голын эргийн усны мандлаас цогцсыг олж, гарган Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасагт шилжүүлэн өгсөн.

4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн Дэлийн-Өвөр гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км-т/ 08.13-ны өдрийн 22:55 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, 27 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас “Хархорин А,Б” 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683 дугаар хүртэл (5 ш) тулгуур багана унаж Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нийт 54 суманд цахилгаан тасарсан тухай мэдээллийг 08.14-ний өдрийн 10:06 цагт хүлээн авсан. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар хот, Архангай, Орхон, Өвөрхангай аймаг дахь салбаруудын нийт 80 ажилтан, 24 техниктэйгээр сэргээн босгох ажлыг   зохион байгуулж, 08.15-ны өдрийн 17:34 цагт гэмтлийг бүрэн устгаж, цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байсан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг цахилгаан эрчим хүчинд холбож, хэвийн горимд оруулсан.   

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Хатны яс” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун  зүгт 100 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ 08.15-ны өдрийн 15:30 цагийн орчим борооны өмнөх түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 2 гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг мөн өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тухайн газарт очиж нөхцөл байдалтай танилцсан бөгөөд шуурганд тус сумын харьяат малчин А, Г нарын 5 ханатай 2 гэр нурж, /1 гэрийг сэргээн босгосон, 1 гэр ашиглах боломжгүй болсон/ эвдэрсэн тухай мэдээллийг сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top