Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. /Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймагт 15-51 мм, Улаанбаатар хотод 15-18 мм бороо орсон/ Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

    Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +12…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26…+31 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, +18…+20 градус дулаан байна.

Төлөв байдал: 18, 19-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 18-нд говь, тал, хээрийн нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр 13-15 м/с хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +12…+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +28…+33 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +17…+22 градус дулаан байна. 

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн “Данзанваанчиг”-ын 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.16-ны өдрийн 20:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 4 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Шаварт суусан: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Горхийн баруун салаа” гэдэг газар /Налайх дүүргээс зүүн хойд зүгт 18 км-т/ суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 08.16-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн “Форд транзит” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг 00:14 цагт татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top