Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот /0.6 мм/, Архангай /0-9 мм/, Булган, Дархан-Уул /1-2 мм/, Дорнод /3-6 мм/, Өвөрхангай /8 мм/, Сүхбаатар /1.3 мм/, Сэлэнгэ /0-9 мм/, Хөвсгөл /4-5 мм/ аймгуудад бороо орсон. Бусад нутгаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр, нутгийн хойд хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8..+10 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +28…+33 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна. 20-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 3 дугаар хороо, тоосгоны үйлдвэрийн хашаан дотор байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 18:22 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 18:36 цагт очиход 3х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 10 дугаар хороо, Чингэлтэйн 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 21:57 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 22:08 цагт очиход иргэн Н-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 5 дугаар хороо, Сөүлийн гудамжны 1 дүгээр байранд утаа гарч байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 22:49 цагт очиход иргэн А-ны 28 м2 хэмжээтэй 2 өрөө байр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Л /93 настай, эмэгтэй/ өртөж нас барсан. Хүч нэмэгдүүлсэн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:06 цагт очиж 5 минут ажилласан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Өмнөговь аймаг, Гурвантэс сум. Бага-Овоо багийн “Шивээ хүрэн” хилийн боомт гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд 410 км, сумын төвөөс урд зүгт 50 км/-т “Норд бенз” загварын том оврын ачааны 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид 1 хүн хавчуулагдаж нас барсан цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 00:08 цагт очиход “Норд-Бенз” загварын том оврын ачааны автомашины жолооч Улаанбааар хотын Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай иргэн Ч/64 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 15 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top