Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийннутгийн зарим газраар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Онон, Улз голын хөндийгөөр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +14+19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +24+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30+35 градус, бусад нутгаар +19+24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө +20+22 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-ны өдрөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2+3 градус, өдөртөө +14+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +10+15 градус, өдөртөө +22+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16+21 градус, өдөртөө +28+33 градус, бусад нутгаар шөнөдөө +4+9 градус, өдөртөө +18+23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр:Сэлэнгэ аймаг, Түшиг сум. Жаргалтхаан баг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 129 км-т, сумын төвд/ 08.18-ны өдрийн 06:38 цагийн орчим байшин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 07:59 цагт хүлээн авсан.

Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын 35х30 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн 4х4 метр хэсэг шатсаныг тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дорнод аймаг, Хэрлэн. 1 дүгээр багийн “Ажилчин” хорооллын 6 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 18:22 цагт  хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:27 цагт очиход тус тоотод иргэн Б-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.     

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 25 дугаар хороо, Хайрханы 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 19:12 цагт очиход иргэн Ө-ын 6х9 метрийн хэмжээтэй байшинд эд, хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах:Ховд аймаг, Жаргалант сум. Рашаант баг дахь зочид буудал 2 дугаар давхрын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 0.6 км замыг туулан 19:52 цагт очиход тус зочид буудлын 2 дугаар давхрын цонхоор Ховд аймгийн Дөргөн сумын харьяат иргэн У /31 настай, эмэгтэй/ согтуугаар унаж болзошгүй байсныг өрөөнийх нь дотор талаас татан оруулж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга: Өвөрхангай аймаг, Бүрд сум. Ар жаргалант багийн “Асгат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 162 км-т, сумын төвөөс зүүн зүгт 26 км-т/ 08.17-ны өдрийн 21:00 цагийн орчимд борооны өмнө түр зуурын хүчтэй /24 м/с хүртэл/ салхилж 1 гэр нурсан тухай мэдээллийг 08.18-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан.

Бүрд сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 08.18-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай нь танилцсан бөгөөд хүчтэй салхинд тус сумын харьяат малчин П-ийн 4 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top