Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа..

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +14+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26+31 градус, бусад нутгаар +20+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүсч, +17+19 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-ний өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-ны өдөр нутгийн зарим газраар, 24-ний өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2+3 градус, өдөртөө +14+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +10+15 градус, өдөртөө +22+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16+21 градус, өдөртөө +28+33 градус, бусад нутгаар шөнөдөө +4+9 градус, өдөртөө +18+23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр:Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 25 дугаар хороонд цонхны үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 08:03 цагт хүлээн авсан.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 08:04 цагт ангиас гарч 5 км замыг туулан 08:12 цагт очиход тус байгууллагын 18х18 метрийн хэмжээтэй байрны дотор бараа, материал шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Баянгол сум. Гонир баг дахь агуулахад малын тэжээл шатаж байна гэсэн дуудлагыг 2023.08.19-ний өдрийн 17:39 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 17:41 цагт очиход 22х126 метрийн хэмжээтэй агуулахын 22х63 метрийн хэмжээтэй талбайд 60 тн орчим малын тэжээл уугьж байсныг 1 цаг 35 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймаг, Баянтал сум. Их-Уул багийн “Оорцог-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 54 км-т, сумын төвөөс хойд зүгт 29 км-т/ амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдөр 20:42 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар алба хаагчид 54 км замыг туулан 21:15 цагт очиход малчин Д-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар, “Ямаха” загварын /улсын дугааргүй/ мотоцикл шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Төв аймаг, Аргалант сум. Замт багийн “Эрдэнэ хангайн тангад толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 126 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ 08.18-ны өдрийн 17:00 цагийн орчим 2 гэр шатсан тухай мэдээллийг 08.19-ний өдрийн 22:02 цагт хүлээн авсан.

Мэдээллийн дагуу Замт багийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 08.19-ний өдрийн 07:30 цагт тухайн газарт очиж нөхцөл байдалтай танилцсан бөгөөд гал түймэрт тус сумын харьяат малчин А-ийн 4 ханатай 1, 5 ханатай 1 гэр шатсан тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дорнод аймаг, Халхгол сум. Цогтсүмбэр багийн “Баялаг” хорооллын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 22:48 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 22:50 цагт очиход тус тоотод иргэн Д-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.       

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 2 дугаар хороо, “Хужирт” гэдэг газар /дүүргээс баруун урд 15.5 км-т/ автозамын зорчих хэсэгт суудлын 2 автомашин мөргөлдөж, автомашины бүхээг дотор 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 09:03 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 15.5 км замыг туулан 09:20 цагт очиход Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн С-ын “Приус 20” загварын 2 зорчигчтой суудлын автомашин, Багануур дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн “Харриер” загварын 6 зорчигчтой суудлын автомашин хоорондоо мөргөлдөж,  “Приус 20” загварын суудлын автомашины жолооч С/34 нас, эрэгтэй, Багануур дүүргийн харьяат/, зорчигч М/32 настай, эмэгтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат/ нар бүхээгтээ хавчуулагдан нас барсан байсан тул “Холматро”-гийн задаргааны багаж ашиглаж 24 минут ажиллан цогцсыг гаргаж, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн. (“Харриер” загварын суудлын автомашинд явсан 6 иргэнийг эмнэлэгийн үзлэгт хамруулсан, биеийн байдал хэвийн байна)

Усны осол:Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хороо, “Авто цогцолбор худалдааны төв”-ийн зүүн урд талд тогтоол усанд 1 хүн сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг  08.19-ний өдрийн 12:24 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 12:54 цагт очиход тухайн газарт 3 өрхийн 10 хүн амарч байснаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат иргэн Ц/30 настай, эрэгтэй/ согтуугаар тогтоол усанд сэлж байгаад живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 13:09 цагт нуурын 4 метрийн гүнээс цогцсыг олж, гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.

Өндрөөс унах: Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 3 дугаар хороо, 38 дугаар байрны 5 дугаар давхрын цонхоор бага насны хүүхэд толгойгоо гаргаад уйлаад байна, унаж болзошгүй  гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 02:15 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 02:44 цагт очиход тус тоотод иргэн М/2 нас 8 сартай, эмэгтэй/ цонхоор гадагш толгойгоо гарган тавцан дээр сууж байсан тул дээвэр дээрээс аврах олс ашиглан цонхоор орж аюулгүй болгон охиныг ар гэрийнхэн болон дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

4.Нисдэг тэрэг бүхий ажиллагаа:

Өмнөговь аймаг, Цогтцэций сум. 08.19-ний өдрийн 00:40 цагийн орчим өндрөөс унасан 1 иргэн тус сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирээд “Тархины хүнд гэмтэл, САК, комын байдал” оноштой хэвтэн эмчлүүлж байгааг нисдэг тэргээр тээвэрлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд авчрах тухай ар гэрийн хүсэлтийг мөн өдрийн 10:37 цагт хүлээн авсан.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Ө/31 настай, эрэгтэй/-ыг тээвэрлэн авчрах зорилгоор Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн МТ-1110 дугаарын нисдэг тэрэг 09.20-ны өдрийн 06:46 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд хөөрсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top