Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот /21 мм/, Архангай /3 мм/, Булган /1-1.6 мм/, Говьсүмбэр /0.3 мм/, Дархан-Уул /3.8 мм/, Дорноговь /0.2 мм/, Дорнод /3.4 мм/, Дундговь /0.4-12 мм/, Орхон /7.3 мм/, Өвөрхангай /0.4-8 мм/, Сэлэнгэ /9 мм/, Төв /1-24 мм/, Хөвсгөл /6 мм/ аймгуудад бороо орж, бусад нутгаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +26…+31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +14…+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +22…+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 14 дүгээр хороо, Цамбагаравын 13 дугаар байранд хогны сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 20:30 цагт очиход тус байрны 5 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 47 иргэн /үүнээс 12 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 1 дүгээр хороо, 63 дугаар байранд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 21:27 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:33 цагт очиход тус байрны гадна 1.5х1.5 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 6 дугаар хороо, 26 дугаар байранд утаа гараад байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 17:09 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:15 цагт очиход тус байранд байрлах цайны газрын гал тогооны өрөөнд төмс шарагч төхөөрөмж шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 14:18 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 52.5 км замыг туулан 15:07 цагт очиход иргэн Ц-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг.24 дүгээр хороо, Зээлийн 34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 15:04 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 15:13 цагт очиход иргэн Х-ын 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Ховд аймаг, Ховд сум. Баянбулаг багийн “Зүүн зуслан” гэдэг газар өвөлжөө, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 16:32 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 40 км замыг туулан 19:00 цагт очиход малчин А-ийн эзэмшлийн 20х25 метрийн хэмжээтэй өвөлжөө, бууц шатаж байсныг 5 цаг 50 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр).1 дүгээр багийн “Өлзийт” хорооллын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 05:06 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 05:11 цагт очиход эзэн тодорхойгүй 4 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 7 минут ажиллаж унтраан аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Завхан аймаг, Цагаанчулуут сум. Дэлгэр багийн “Зүүн туулайт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 119 км, сумын төвөөс баруун урд зүгт 22 км, Ө-46°57’36.0″, У-96°30’00.0″/ 08.21-ний өдрийн 00:14:53 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 00:26 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Архангай аймаг, Цэцэрлэг сум. Тамир багийн “Цэнхэрийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км, сумын төв/-т Цэнхэр суманд амралтын газар амарч байсан 4 иргэн 08.20-ны өдрийн 20:00 цагийн орчим “Тамир”-ын голд сэлэхээр ороод 1 хүн нь гарч ирээгүй тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 23:29 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08.21-ний өдрийн 00:07 цагт ангиас гарч 25 км замыг туулан 00:30 цагт очиж иргэн М/40 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 8 дугаар багийн Партизаны гудамжны задгайд 08.19-ний өдрийн 21:00 цагийн орчим иргэн Ж гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 10:45 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 08.20-ны өдрийн 11:15 цагаас эхлэн иргэн Ж /43 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 14:38 цагт тус сумын 1 дүгээр багийн “Шар нуур” гэдэг газар “Ховд” голын эргээс цогцсыг олж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Нисдэг тэрэг бүхий ажиллагаа:Өмнөговь аймаг, Цогтцэций сум. 08.19-ний өдрийн 00:40 цагийн орчим өндрөөс унаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирээд “Тархины хүнд гэмтэл, САК, комын байдал” оноштой хэвтэн эмчлүүлж байгаа 1 өвчтөнг нисдэг тэргээр тээвэрлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд авчрах тухай ар гэрийн хүсэлтийг мөн өдрийн 10:37 цагт хүлээн авсан.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн МТ-1110 дугаартай, “ЕС-145” загварын нисдэг тэрэг /нисгэгч 2, инженер 1, эмч 1, сувилагч 1, нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй/ 08.20-ны өдрийн 06:46 цагт Улаанбаатар хотоос хөөрч Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 09:08 цагт бууж сумын Эрүүл мэндийн төвөөс өвчтөн иргэн Ө/31 настай, эрэгтэй, тархины хүнд гэмтэл, комын байдал/-ыг авч 10:24 цагт хөөрч Улаанбаатар хотод 12:54 цагт тээвэрлэн авчирч ГССҮТөвийн эрчимт эмчилгээний эмчид эсэн мэнд хүлээлгэн өгсөн.

5.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Аянга: Өвөрхангай аймаг, Тарагт сум. “Онгийн голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км, сумын төвөөс зүүн зүгт 42 км/-т хүчтэй аадар бороо орсны улмаас айлын гэр дээр аянга буусан тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Бүсийн эмчилгээ, оношлогооны төвийн эмч нар 20 км замыг туулан очиход иргэн Д /52 настай, эмэгтэй/ зүүн гар, хүзүү, Б /17 настай, эрэгтэй/ нүүрний хэсэг хөнгөн түлэгдсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлж Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн.

Үер – Уруйн үер:Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 79 дүгээр байр B1 давхар усанд автсан дуудлагыг 08.20-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 14:50 цагт очиход тус байрны B1 давхар усанд автсан байсныг 1 цаг ажиллаж усыг соруулж гаргасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 18 дугаар хороо, 5 шарын 24  дүгээр байр B1 давхар усанд автсан дуудлагыг 08.20-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:00 цагт очиход тус байрны B1 давхар усанд автсан байсныг 4 цаг ажиллаж усыг соруулж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top