1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор /2 мм/, Дорнод /5.4 мм/, Орхон /0-6 мм/, Өвөрхангай /1 мм/, Өмнөговь /3.4 мм/, Хөвсгөл /0-6 мм/ аймгуудад бороо орсон. Бусад нутгаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +15…+20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.
Төлөв байдал: 25-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүн байх боловч бусад нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18…+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +25…+30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал багийн Өөлөнтийн-Ам гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 122 км, сумын төвөөс баруун зүгт 4 км/-т Малын өвөлжөө шатсан тухай мэдээллийг 08.23-ны өдрийн 08:45 цагт хүлээн авсан. Иргэн У-ийн 20х10 метрийн хэмжээтэй малын өвөлжөө 08.23-ны өдрийн 06:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитит 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 08:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Үйлдвэр үйлчилгээний гудамжинд малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 09:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 20х18 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байсныг 2 цаг 35 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Зүүн Баян-Уул”-ын 32 дугаар гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 09:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 13х7 метрийн хэмжээтэй гарааш, “Королла-Фиелдэр” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 11:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 10х8 метрийн хэмжээтэй 1 давхар мансардтай байшингийн дотор тал, дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 12:41 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын 94 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 14:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэн тодорхойгүй 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн 1 дүгээр хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн утаанд угаартсан хөдөлж чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 23:20 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 15х8 метрийн хэмжээтэй байшинд цахилгаан тогоонд хоол залгаатай орхисоноос О /48 настай, эрэгтэй/ хөдлөх боломжгүй, угаартсан, А /10 настай, эрэгтэй/, Э /9 настай, эмэгтэй/, А /6 настай, эмэгтэй/ нар ухаан алдсан байдалтай байсныг утаажилтын бүсээс гарган, эмнэлгийн анхны тусламж үзүүлж аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын эмчид хүлээлгэн өгсөн.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Чулуутын 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 23:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 6х6 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 51 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол – Голын усанд осолдсон: Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн “Шарын дэрсний гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 30 км, сумын төв/-т “Шар”-ын голд 3 хүн сэлэхээр ороод 1 хүн нь гарч ирээгүй тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 14:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат иргэн М /47 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг “Шарын дэрсний гүүр” гэдэг газраас “Орхон голын салаа” гэдэг газар хүртэл завиар урсаж, голын эрэг дагуу морьтой болон явганаар 36 км-т 15:45 цагаас 20:00 цаг хүртэл зохион байгуулсан. 08.24-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.
Төөрсөн, сураггүй болсон: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн “Баянтал”-ын 3 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн М нь 08.22-ны өдрийн 09:00 цагт гэрээсээ автомашинтай гараад сураггүй болсон, автомашиныг нь Хар модтойн даваа гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 12 км/-аас олсон тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 04:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид иргэн М /33 настай, эмэгтэй/-ыг 08.23-ны өдрийн 08:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 09:35 цагт Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Хар модтын даваа” гэдэг газар, ой модон дотор модноос дүүжлэгдсэн байдалтай цогцсыг олж Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР