Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +16+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25+30 градус, бусад нутгаар +20+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, агаарын температур +20+22 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-ны өдөр төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-ний өдөр говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-ны өдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3+8 градус, өдөртөө +18+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +15+20 градус, өдөртөө +29+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9+14 градус, өдөртөө +23+28 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо агуулахын өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 13:07 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 5х5 метрийн хэмжээтэй агуулахын өрөөнд цаас боогч төхөөрөмж, хэвлэлийн цаас шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

 – Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Омогтийн хөөврийн бууц” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ 08.24-ний өдрийн 18:00 цагийн орчим 1 гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:49 цагт хүлээн авсан. Ханхонгор сумын харьяат малчин Б-ийн 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг  даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 9 давхрын гал гарч байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 19:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн байранд эд зүйлс, тагт  шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус орцны 30 иргэн /том хүн 23, хүүхэд 7/-ийг аюулгүй газарт гаргасан.          

Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн “Буянт” хорооллын 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 21:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 8 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн ‘’Уужим булан’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 10 км-т, сумын төвөөс зүүн зүгт 22 км-т/ Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 23:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах,  аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Б-ийн 4 ханатай 1, 6 ханатай 1 гэр тус тус шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.   

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, автозамын уулзвар, автозамын зорчих хэсэгт Экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөн экскаваторын эд ангид хавчуулагдсан, цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 02:45 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын “Хьюндай R210W-9” загварын экскаваторын хойд талаас “Кавасаки” загварын мотоцикл мөргөж, иргэн З /25 настай, эрэгтэй/ экскаваторын хойд хэсэгт хавчуулагдан нас барсан байсан тул “Холматра”-гийн задаргааны багаж ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top