Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зүүн хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +18+23 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29+34 градус, бусад нутгаар +23+28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с, +23+25 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-ний өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09.01-ний өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө +3+8 градус, өдөртөө +20+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +17+22 градус, өдөртөө +30+35 градус, бусад нутгаар шөнөдөө +9+14 градус, өдөртөө +24+29 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Зулзагын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 22 км-т/  Суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 10:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.    

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 18:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 3х3 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр тус тус шатаж байсныг 33 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, 97 дугаар байр гал гарч байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 19:21 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын байранд эд, хогшил шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 4 хүнийг аюулгүй газарт гаргасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн “Устын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 200 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т, Багануур дүүргээс зүүн зүгт 20 км-т/ суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолдож, автомашины бүхээгт хүн хавчуулагдаж нас барсан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 06:20 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Хэнтий аймгаас нийслэлийн Багануур дүүргийн чиглэлд зорчиж явсан “Тоёота хайлукс” загварын суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолдож, автомашины бүхээг дотор иргэн Ө /38 настай эрэгтэй/, С /8 настай эмэгтэй/ нар хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган тус дүүргийн Эрүүл мэндийн төвд иргэн О /38 настай эмэгтэй/, Д /14 настай эрэгтэй/, Н /10 настай, эмэгтэй/ нар хавчуулагдаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, Цэнхэрмандал сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн “Хуцтын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 33 км-т, сумын төвөөс баруун зүгт 36 км-т/ Баян-Өлгий аймгаас Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан 7 зорчигчтой суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолдсон тухай мэдээллийг 08.27-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Баян-Өлгий аймгаас Ховд аймаг руу буцаж явсан Ховд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход “Приус-20” загварын суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолдож, жолооч Б /38 настай, эрэгтэй/, зорчигч Ш/65 настай, эмэгтэй/, Д /37 настай, эмэгтэй/, Х /12 настай, эмэгтэй/, Х /10 настай, эмэгтэй/, Х /8 настай, эмэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар автомашинаас эсэн мэнд гарцгаасан байсан бөгөөд биеийн байдал хүнд байсан тул тухайн иргэдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн тасагт 19:52 цагт хүргэж өгсөн.

– Голын усанд осолдсон: Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн “Шарын дэрсний гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 30 км-т, сумын төвд/ “Шар”-ын голын усанд 3 хүн сэлэхээр ороод 1 хүн нь живсэн тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 14:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид иргэн М/47 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 08.26-ны өдрийн 07:10 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 12:10 цагт осолдсон газраас хойд зүгт 19 км-т, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар багийн “Цагаандаваа” гэдэг газарт “Орхон” голын усны мандлаас цогцсыг олж, гарган Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн “Далангийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд  зүгт 51 км-т, сумын төвөөс хойд зүгт 1 км-т/ 3 зорчигчтой суудлын автомашин “Дэлгэрмөрөн” голын усанд суусан тухай дуудлагыг 08.27-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Д-ийн “Тоёота прадо-120” загварын суудлын автомашин Дэлгэрмөрөн” голын усанд гарам андууран орж суусан, зорчигчид нь голын эрэгт эсэн мэнд гарсан байсан тул автомашиныг 1 цаг 14  минут ажиллан татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top