Онцгой байдлын ерөнхий газраас БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага (Койка)-тай хамтран “Онцгой байдлын байгууллагын гал сөнөөгч, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ сарын 28-наас ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Алба хаагчдтай харилцан туршлага солилцох, Солонгос улсын гамшгаас хамгаалах тогтолцоог ойлгох, онол практик хосолсон сургалтаар мэдээ, мэдээлэл олгох, гал сөнөөгч, аврагчдын гал түймэртэй тэмцэх болон аврах ур чадварыг бэхжүүлэх зорилготой тус сургалтад Онцгой байдлын байгууллагын 80 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.
Энэ үеэр ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын аврагч, гал сөнөөгчдийн албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах зорилгоор КОЙКА байгууллагаас сургалт, багаж тоног төхөөрөмж нийлүүлэх олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Алба хаагчдыг сургаж чадавхжуулах ажил нь гамшигтай тэмцэх, эрсдэлийг бууруулах ажлын салшгүй нэг хэсэг билээ. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөлөө Монгол Улсыг тойрсонгүй. Байгалийн болон техникийн холбогдолтой ослын тоо, давтамж, дагуулах хохирол нэмэгдэж байгаа нь Онцгой байдлын байгууллагын хүч хэрэгслийн чадавхыг байнга өсөн нэмэгдүүлэх, алба хаагчдыг тасралтгүй сургаж бэлтгэхийг шаардсаар байна” гэлээ.
Энэхүү сургалт нь “Онцгой байдлын байгууллагын гал сөнөөгч, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд 2021, 2022 онуудад ковид-19 цар тахлын улмаас цахимаар болж байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-д зохион байгуулагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.