Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

    Өнгөрсөн хоногт:   Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

    Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зүүн хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с. +24…+26 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 09 дүгээр сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 02-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +20…+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +24…+29 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 13:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход П-ын жолоодож явсан “Сонато-6” загварын автомашины хөдөлгүүр  шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Хэрлэн” хорооллын 4 дүгээр гудамжинд малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 19:01 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ын 4х6 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 22:58 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багийн “Задгай” /4 замын уулзвар/ суудлын автомашины араас автомашин мөргөж суудлын автомашины бүхээгээс 2 хүн (1 нь хүүхэд) гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 00:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж “Пробокс” загварын суудлын автомашины бүхээгээс иргэн Б /39 настай, эрэгтэй/, Н /14 настай, эмэгтэй/ нарыг эсэн мэнд гаргасан.

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын Манзуширын-Ам гэдэг газар иргэн Ц 08.27-ны өдрийн 12:00 цагт самар түүх гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.28-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан.   Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:45 цагт “Манзуширын хийд”-ээс зүүн урд зүгт 4 км-ээс цогцсыг олж Төв аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

. Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Бусад: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо орон сууцны байрны цахилгаан шат гацаж дотроос нь хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 04:26 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиж иргэн Э /25 настай эрэгтэй/-ыг эсэн мэнд гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top