Б.Ууганбаяр: Ус, цахилгаан, дулаан тасарвал гурваас дээш хоног бие даан амьдрах шаардлага гарч болзошгүй

zarlan-medeeleh-1.png

Маргааш улс орон даяар зарлан мэдээллийн дохио дуугарна. Энэ үеэр иргэд ямар бэлтгэлтэй байх, зарлан мэдээллийн ач холбогдлын талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраас тодрууллаа.

-Зарлан мэдээллийн дохио ямар ач холбогдолтой вэ?

-Засгийн газрын тогтоолоор батлагдсан гамшгийн  аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын дагуу энэ сарын 24 буюу маргааш 16:00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг улс орон даяар зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадвар эзэмшсэн байх нь чухал юм.Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж, гаргасан төлөвлөгөөгөө  энэхүү дадлага сургуулийн үед туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

-Иргэд дохио дуугарах үеэр хэрхэн оролцох вэ?

-Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтанд орж дадлага сургуульд оролцох юм. Эхний дохио дуугарахад: Иргэн та “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн дор орж, бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж хүлээнэ. Гудамжинд явж байвал гэрэлтүүлэг, цахилгааны тулгуурт багана, өндөр барилга байгууламж зэргээс холдож, биеэ хамгаалан сууна. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч тээврийн хэрэгслийг унтраана. Хоёр дахь дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан нэгийн цуваанд  орж, баруун гар талаа барьж “Гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмийг баримталж байгаа газраасаа гарч аюулгүй талбайд цугларна. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй.Гурав дах дохио дуугарахад өөрийн харъяалалын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж гэр бүлийн гишүүд, анги хамт олныхоо мэдээллийг үнэн зөв, тодорхой өгнө.Ус, цахилгаан, дулаан зэрэг бидний үндсэн хэрэглээ болсон үйлчилгээ тасарсан тохиолдолд та болон таны гэр бүл хэний ч туслалцааг авч чадахгүй 3 хоног болон түүнээс ч удаан хугацаагаар бие даан амьдрах шаардлага гарч болзошгүй юм.Гамшгийн үед хэрэглэх хүн нэг бүрийн 15 нэр төрлийн эд зүйлсийг бүрдүүлнэ: Хүнс, ус, гар чийдэн, зай, анхны тусламжийн иж бүрдэл, радио хүлээн авагч, багаж хэрэгсэл, скоч, хутга, нийлэг уут, шүгэл, дулаан хувцас, чухал бичиг баримтаа хадгалах, ариун цэврийн хэрэгсэл, лаа, шүдэнз, төлбөрийн карт, үүргэвч, унтлагын уут.

Эх сурвалж: www.polit.mn

scroll to top