Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод /1 мм/, Сүхбаатар /3,2 мм/, Хэнтий /0,3 мм/ аймагт бороо орсон. Бусад нутгаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 09 дүгээр сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +18…+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23..+.28 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 14:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиж хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээг багийн “Баазын хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 130 км, сумын төвөөс баруун зүгт 45 км/-т 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 08.29-ний өдрийн 12:13 цагт хүлээн авсан. Тус сумын малчин Г-ын 5 ханатай гэр 08.28-ны өдрийн 19:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг Баянтээг багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Номгон багийн Дэнж хорооллын 7 дугаар гудамжинд 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 08.29-ний өдрийн 17:09 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 5 ханатай гэр бүрэн шатсан тухай мэдээллийг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн шугуй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 17:57 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын-Ам автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 23:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын “Х-Аванте” автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн “Өнч” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 115 км, сумын төвөөс урд зүгт 15 км/-т 2 суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.29-ний өдрийн 04:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Тоёота-Эстима” загварын автомашинд жолооч Г /46 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гарган сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн. Эзэмшигч тодорхойгүй “Х-Трейл” загварын суудлын автомашин дотор нэр, нас тодорхойгүй 2 эрэгтэй хүн автомашины эд ангид хавцуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top