1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгийн зарим газраар бороо орсон.Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +17+22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28+33 градус, бусад нутгаар +22+27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. Өдөртөө +25+27 градус дулаан байна.
Төлөв байдал: 08.01-ний өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-ний баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4+9 градус, өдөртөө +18+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17+22 градус, өдөртөө +29+34 градус, бусад нутгаар шөнөдөө +10+15 градус, өдөртөө +23+.28 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Объектын түймэр:Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Хан-Уул багийн “Хан-Уул” хорооллын 14 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 09:11 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 09:15 цагт очиход тус тоотод иргэн Э-ны 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Зэрэг сум. Хөндлөн багийн 2 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 12:01 цагт очиход иргэн Г-ын хашаанд 0.2 тн өвс шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 42 дугаар хороо, “Лам”-ын зуслангийн хойд талд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 15:35 цагт очиход хогийн цэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум. 7 дугаар багийн Майхант хэсгийн 1 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 18:26 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 18:33 цагт очиход иргэн М-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум. Булаг багийн 14 дүгээр гудамжны задгайд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 19:36 цагт очиход иргэн З-ын “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Тэсэрч дэлбэрэх бодис, материалын осол: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 11 дүгээр хороо, “Хангай” хотхонд гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 13:05 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 13:12 цагт очиход иргэн С-ын гал тогооны өрөөнд 220 граммын савалгаатай ахуйн хэрэглээний газ тэсэрч, 1 цонх хагарсан байсан бөгөөд гал түймэр гараагүй байна. (Бэртэж, гэмтсэн хүн байхгүй)
Усны осол: Архангай аймаг, Тариат сум. Цагааннуур багийн “Холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 215 км-т, сумын төвөөс хойд зүгт 55 км-т/ “Ногоон” нуурын усанд 2 зорчигчтой “Портер” загварын ачааны автомашин живсэн тухай дуудлагыг 08.30-ны өдрийн 10:02 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 55 км замыг туулан 11:30 цагт очиход тус сумын харьяат иргэн Г, Г нар “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж яваад “Ногоон” нуурын усанд живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 12:02 цагт малчин Г /38 настай, эмэгтэй/-ийн цогцсыг нуурын 1.5 метрийн гүнээс, 13:49 цагт автомашиныг нуурын 4 метрийн гүнээс олж, татан гаргахад автомашины бүхээг дотор иргэн Г/38 настай, эрэгтэй/-ийн цогцос байсныг тус тус гарган Тариат сум дахь Цагдаагийн тасгийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн.
Говьсүмбэр аймаг, Шивээговь сум. Бэхт багийн “Хаялага” нуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 30 км-т, сумын төвөөс хойд зүгт 22 км-т/ “Хаялага” нуурын усанд хийлдэг гудас дээр байсан 2 хүн салхинд туугдан нуурын гүн рүү хөвсөн тухай дуудлагыг 08.30-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 22 км замыг туулан 16:18 цагт очиход Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, 1 гэр бүлийн 3 хүн “Хаялага” нуурын эрэг дээр амарч байснаас Э /37 настай эрэгтэй/, охин А/5 настай, эмэгтэй/ нар нуурын эрэг дагуу усанд хийлдэг гудас дээр сууж байгаад салхинд туугдан нуурын дунд хэсэг /эргээс 300 метр/-т хөвж очсон байсныг 20 минут ажиллан аварч гаргасан.
Төөрсөн, сураггүй болсон: Булган аймаг, Бугат сум. Баянтөгөл багийн “Хустайн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 67 км-т, сумын төвөөс хойд зүгт 15 км-т, Орхон аймгаас баруун хойд зүгт 20 км-т/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн О нь 08.24-ний өдрийн 23:00 цагийн орчим амралтын газраас гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.30-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан.
Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, эрэлч нохойтойгоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол багийн иргэн О /64 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 08.30-ны өдрийн 16:10 цагаас 20:02 цаг хүртэл Бугат сумын Баянтөгөл багийн “Хустайн-Ам” гэдэг газар 4 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 08.31-ний өдрийн 11:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. Ганзам багийн “Аяганы хонхор”-ын гудамжнаас 08.29-ний өдрийн 09:00 цагийн орчим иргэн М нь аргал түүхээр гэрээсээ гараад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 08.30-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид иргэн Э/46 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г эрэн хайх ажиллагааг 08.30-ны өдрийн 14:35 цагаас 20:30 цаг хүртэл Сүмбэр сумын “Төгрөгийн худаг”, “Булагийн дэрс”, “Лүнгийн-Овоо”, “Оргилдог”, “Цагаан тойром”, “Улаан худаг”, “Хадан хошуу”, “Хашаат”, “Зүрх” зэрэг газраар нийт 126 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 08.31-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.
Булган аймаг, Орхон сум. Бөхт багийн “Хөх шовх” гэдэг газар / аймгийн төвөөс баруун зүгт 40 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат 1 гэр бүлийн 7 хүн жимс түүж явснаас 08.30-ны өдрийн 11:00 цагийн орчим бага насны 3 хүүхэд нь сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 17:33 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, 2 эрэлч нохойтой, сумын мэргэжлийн ангийнхны хамтаар Ж /11 настай, эмэгтэй/, Г/9 настай, эмэгтэй/, Т/5 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:26 цагт алга болсон газраас 12 км зайтай “Хөх шовх” уулнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР