Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.  Салхи нутгийн төв хэсгээр баруун хойноос, бусад нутгаар өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +16…+21 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 4-9 м/с, +25…+27 градус дулаан байна.

Төлөв байдал: 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +17…+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23..+.28 градус дулаан байна. 

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны “Монлаа”-гийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 06:28 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол – Бусад усны осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай” тогтсон тогтоол усанд 3 хүн сэлж байгаад 1 хүн нь живсэн тухай дуудлагыг 08.31-ны өдрийн 17:16 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж иргэн Г /29 настай, эрэгтэй/-ын цогцсыг 5 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Цас шаварт суусан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн “Далангийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 51 км-т, сумын төвөөс хойд зүгт 1 км-т Дэлгэрмөрөн голд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 08.31-ний өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас Мөрөн сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ийн “Форд-Эксплорер” загварын автомашин усанд суусан байсныг 18:25 цагт татан гаргасан.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top