Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Говьсүмбэр, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +19+24 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +27+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33+38 градус, бусад нутгаар +22+27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, +24+26 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар,  8-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар  бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 5, 8-ны өдөр Алтайн салбар уулсаар, 6, 7-ны өдөр говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3+8 градус, өдөртөө +19+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +13+18 градус, өдөртөө +27+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18+23 градус, өдөртөө +33+38 градус, бусад нутгаар шөнөдөө +9+14 градус, өдөртөө +24+29 градус дулаан байна. 6-ны өдөр нутгийн баруун хагаст, 7-ны өдөр ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Завхан аймаг, Баянтэс сум. Хачиг багийн “Том-Ар” хороололд 09.03-ны өдрийн 13:00 цагийн орчим гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 13:48 цагт хүлээн авсан.

Иргэн Э-ийн 8 ханатай гэр шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг Хачиг багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.   

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 17 дугаар хороо, Сурагчийн 83 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 18:53 цагт хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 19:01 цагт очиход иргэн Х-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн 5х10 метрийн хэмжээтэй өрөөний дотор талын хана, таазны хэсэг эд, хогшил шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 3 дугаар хороо, 2/А дугаар байранд зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 21:05 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:11 цагт очиход тус байрны зоорийн давхарт иргэн Б-гийн оёдлын цехэд хураалттай бараа материал шатаж байсныг 2 цаг 30 ажиллаж унтраасан.. Хүч нэмэгдүүлэн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нэмэлт бүлэг 23:00 цагт очиж, 40 минут ажилласан. Утаажилтын бүсээс тус байрны 29 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

Хэнтий аймаг, Хэрлэн сум. Хэрлэн багийн “Хийд” хорооллын 5 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 21:12 цагт очиход иргэн А-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Жинст багийн “Дэвшил” хорооллын 4 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 02:25 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 02:27 цагт очиход тус тоотод иргэн Ц-ын 2 метрийн урттай хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороо, 3 дугаар гудамжинд хог шатаж байна  гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 05:42 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 05:56 цагт очиход овоолгоотой хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: Увс аймаг, Цагаанхайрхан сум. “Урт жалганы-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 256 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийналба хаагчид, Цагаанхайрхан сумын мэргэжлийн ангийнхан 09.02-ны өдрийн 17:15 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 2 га талбай шатсан/

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймаг, Ногооннуур сум. Ховд багийн “Дэвэл” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 175 км-т, сумын төвөөс урд зүгт 60 км-т/ 09.02-ны өдрийн 17:00 цагийн орчим иргэн Х нь хадлан хийж байгаад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.03-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харьяат иргэн Х /22 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 09.03-ны өдрийн 17:40 цагаас эхлүүлж, мөн өдрийн 22:35 цагт сураггүй болсон газраас 0.7 км-ын зайтай “Дэвэлийн-Арал” гэдэг газраас эсэн мэнд олж, тус сум дахь Цагдаагийн тасаг болон ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top