Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар +27…+32 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. +23…+25 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18…+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23..+.28 градус дулаан байна. 6-наас нутгийн баруун хагаст сэрүүснэ.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Боргүвээ багийн 5 дугаар хэсгийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 11:27 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 11:37 цагт очиход тус тоотод иргэн Ц-гийн 10х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан.

Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум. Шураг багийн “Бөхөн чулууны хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 13:05 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 45 км замыг туулан 13:45 цагт очиход Ховд аймгаас Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Г-ийн “МАЗДА ДЭМИО” загварын суудлын автомашин шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан. Уг машинд 3 том хүн, 1 хүүхэд зорчиж явснаас зорчигч Д /58 настай, эмэгтэй/-ийн баруун гар бага зэргийн түлэгдсэн. Бусад зорчигчдын биеийн байдал хэвийн.

Баян-Өлгий аймаг, Өлгий сум. Их булан багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 15:06 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1,5 км замыг туулан 15:09 цагт очиход иргэн Б-ны 10х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 36 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 16 дугаар хорооны “Хан-Өндөр” апартментийн 11б байранд тагтнаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 16:57 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:03 цагт очиход иргэн Б-гийн 2 өрөө орон сууцны унтлагын өрөөнд ор шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хорооны “Тахилт”-ын 12 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 17:30 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:53 цагт очиход иргэн Ц-ын 5 ханатай гэр, 3 метр хашаа шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны 3 дугаар гудамжинд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 18:53 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:05 цагт очиход иргэн Б-ын DAEWOO 8 ТОН загварын ачааны автомашин, 2 ширхэг хийн компрессор шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймаг, Гурвантэс сум. Бага-Овоо багийн “Морин заг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 310 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ көөврийн сууц 09.01-ний өдрийн 18:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 19:40 цагт хүлээн авсан.

“Өсөх Зоос” ХХК, “Монголын алт” ХХК, “Саусгоби сэндс” ХХК-иудын Гал унтраах бүлгийн ажилтнууд 35 км замыг туулан 19:20 цагт очиход иргэн Б-гийн 4х8 метрийн хэмжээтэй зөөврийн сууц шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг иргэн С аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, салааны захирагч нар 19:40 цагт гал түймрийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар Бага-Овоо багийн “Морин заг” гэдэг газар руу явсан.

Ховд аймаг, Буянт сум. Норжинхайрхан багийн “Хөх булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 20 км-т, сумын төвөөс баруун урд 5 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 23:17 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 26 км замыг туулан 23:45 цагт очиход иргэн Б-ын 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хорооны “Өлзийт” хорооллын “Бурхант”-ын 1 дүгээр хэсгийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ний 23:58 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 00:15 цагт очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ө/46 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Булган аймаг, Бугат сум. Баянтөгөл багийн “Хустайн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 67 км-т, сумын төвөөс хойд зүгт 15 км-т, Орхон аймгаас баруун хойд зүгт 20 км-т/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн О нь 08.24-ний өдрийн 23:00 цагийн орчим амралтын газраас согтуугаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 08.30-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан.

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг,, Булган аймгийн Бугат сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид эрэлч нохойтой, орон нутгтийн иргэд, ар гэрийнхний хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол багт оршин суугч иргэн О/64 настай, эрэгтэй, амралтын газрын манаач/-ыг эрэн хайх ажиллагааг 09.01-ний өдрийн 09:00 цагаас 19:00 цаг хүртэл амралтын газраас Бугат сумын Баянтөгөл багийн “Хар модотын даваа” гэдэг газар хүртэл 20 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top