ОХУ-ын Буриад улсад гарсан ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд оролцсон Онцгой байдлын ерөнхий газрын харьяа, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит Аврах, тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Ж.Баяртогтохтой ярилцлаа.
Тэрбээр, 2011 онд Японд болсон цунамийн гамшгийн дараах сэргээн босгох болон Африкийн Өмнөд Судан улсад Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон. Мөн 50 метрийн гүнд шумбан, Хөвсгөл далайд живсэн 10 тн шатахуун ачсан автомашиныг гаргасан туршлагатай аврагч билээ.
– Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг. Монгол аврагчид ОХУ-д гарсан түймрийг унтраахаар яваад ирлээ. Зорьсон хэргээ бүтээв үү?
– ОХУ-ын Ойн түймрийг унтраах албаныхантай хамтран гамшгийн голомтод гурав хоног ажиллаад ирлээ. Багаар бодоход долоо хоног ажиллах томилолт өвөртөлсөн ч түймэр гарсан газар бороо хур орсон нь бидний ажилд их тус дэм болсон.
Онцгой байдлын албаны 50 аврагч, гурван “Камаз” машин, гал унтраах багаж, тоног төхөөрөмж, аюулгүй байдлыг хангах нөмрөг зэрэг хэрэгслээ авч явсан. Буриад улсад гуравдугаар сараас ихээхэн хэмжээний ой, хээрийн түймэр гарсан юм билээ. Нэлээд том газар нутаг хамарсан түймэр байсан.
– Түймэр унтарсан уу?
– Цурманд оруулсан.
– Түймрийн голомтод ажилласан орос аврагчдаас сурах зүйл юу байв?
– Адилхан аврагчид учраас бидэнд дутах зүйл байгаагүй. Монгол аврагчид гамшгийн голомтод ажиллана гэдэг үүднээс байнгын бэлтгэл сургуулилт хийдэг. Олон улсын аврагчидтай мөр зэрэгцэн газар хөдлөлт, ой, хээр, усны гүний шумбалт зэрэг бүх төрлийн аврах ажиллагаанд бэлтгэгдсэн байдаг.
Хөвсгөл далайд живсэн 10 тн шатахуунтай машиныг гаргахаар 50 метрийн гүн руү
шумбахын өмнө 2011 оны өвөл
– Багаж, тоног төхөөрөмжтэйгөө явсан нь давуу тал болж чадсан уу?
– Тийм. Туулах чадвар сайтай машинтай явсан. Урьд нь “УАЗ-53” машины дэвшин дээр зулаад л явдаг байсан бол өнөөдөр аврагчдын ажиллах нөхцөл, техник төхөөрөмж сайжирсан. Ой, хээрийн түймрийг дээрээс нь хянах нисэх төхөөрөмж авч явсан маань бидний давуу тал болсон. Хаана, ямар түймэр гарч байгааг төхөөрөмжийнхөө тусламжтайгаар тодорхой мэдэж, зураглал гаргаж ажиллалаа.
– Тэнд хэчнээн хүн ажиллаж байв. Оросын аврагч амиа алдсан гэж сонссон юм байна?
– ОХУ-ын Ойн аврах алба, Буриадын Онцгой байдлын албаны аврагчид болон оюутнууд гээд 6000 гаруй хүн ажилласан. Хоёр аврагч амиа алдсан гэж сонссон.
– Ингэхэд та яагаад амь өрссөн энэ ажлыг сонгосон юм бэ?
– Хүсэл, сонирхлоороо орсон. Онцгой байдлын алба үүсэн байгүулагдсан буюу 2005 оноос ажиллаж эхэлжээ. Аавын минь нөлөө ч бас байсан. Миний аав Басангийн Жамсран гэж хүн бий. Хилийн цэрэгт 26 жил ажиллаад тэтгэвэрт гарсан. 1998 онд хил зөрчигчийг барих гэж яваад цээж, гар, хөлөндөө буудуулж байсан юм билээ. Эгч минь Увс аймгийн цагдаагийн газарт хүүхдийн байцаагчаар ажилладаг.
– Аав тань тэр буудалцааны тухай танд ярьж өгдөг байсан уу?
– Хил зөрчсөн этгээд аавыг минь гурван удаа буудсан гэснээс өөр дэлгэрэнгүй яриагүй.
– 2011 оны өвөл 10 тн шатахуун ачсан автомашиныг Хөвсгөл далайгаас гаргах гол ажлыг та гүйцэтгэсэн шүү дээ. Энэ тухайгаа ярьж өгөөч?
– 2011 оны хоёрдугаар сард Хөвсгөл далайд шатахуун ачсан хоёр машин осолдож, нэг нь живж, туслах жолооч нь амиа алдсан. Түүний цогцсыг Хөвсгөлийн аврагчид гаргасан байсан. Харин нэг жолооч нь машин цөмрөхөөс өмнө гарч амжсан юм билээ. Тэндхийн аврагчид далайн гүн рүү шумбасан ч живсэн машинд хүрч чадахгүй байсан учраас бидэнд дуудлага өгсөн.
Тухайн үед ОХУ-аас аврагч авчирч, тэр машиныг гаргуулъя гэж байсан гэсэн. Гэхдээ монгол аврагчид багаж хэрэгсэл нь байвал тэднээс дутахгүй ур чадвартай. Тиймээс манай Аврах, тусгай ангийн албан хаагчид тус газар очсон эхний өдрөө цооног гаргаж, дараа нь шумбаж, живсэн машиныг холбож гаргасан.
Африкийн Өмнөд Судан улс. 2014 он
– Та холбох ажлыг гүйцэтгэсэн биз дээ?
– Тийм ээ. Машин Хөвсгөл далайн эргээс 260 метрийн зайд, 50 метрийн гүнд живсэн байсан. Машиныг шууд дээш нь татах боломжгүй учраас живсэн газраас нь цооног гарган, 50 метрийн гүнд шумбаж машиныг төмөр утсанд холбосон. Шатахууныг өөр саванд юүлсэн. Тэгэхэд машинаас дусал ч шатахуун алдагдаагүй байсан.
– 50 метрийн гүнд ороход танд юу бодогдож байв?
– 25-30 метрийн гүнд л ажиллах боломжтой багажаар 50 метрийн гүнд шумбах нь амь өрссөн ажил. Далайн гүнд байгаа машинд хүрэхэд миний амьсгал хаагдсан. Дээшээ цооног руугаа амь тэмцэн зүтгэсэн дээ. Усны гүнээс огцом гарвал цусанд азотын исэл ялгарч хорддог. Азотоор амьсгалж байна гэсэн үг. Энэ нь өөрийгөө хянах чадваргүй болгодог юм.
Тухайн үед багаж хэрэгсэл сайн байсан бол амьсгал хаагдахгүй, азотын хордлогод орохгүй байлаа. Харамсалтай нь тиймэрхүү юм болсон.
– Юу болсон юм бэ?
– Амьсгалж чадахгүй байсан би усан дотор 2-3 минут л удсан бол амиа алдах байлаа. Уснаас гараад 2-3 алхаад л ухаан алдсан. Бараг 40 минут ухаангүй байсан юм билээ. Дэлгэрсайхан гэж аврагч маань намайг ухаан ортол толгойг минь тэврээд, ам руу халбагаар ус хийж байсан гэсэн. Ухаан ороход “Намайг үхчихлээ” гээд салбарын дарга, аврагчид бүгд уйлчихсан байсан.
Усны өвчний чиглэлээр бэлтгэсэн эмч манай улсад байдаггүй учраас азотын хордлогод орсон тохиолдолд яаж эмчлэхийг мэддэггүй байлаа. Орост сургалтад суусан аврагчид л бага сага зүйл гадарладаг байсан нь аминд минь орсон доо. Гүнзгий, даралттай уснаас огцом гарвал уушиг урагддаг.
Тухайн үед ийм юм болсон талаар хэвлэлээр цацаагүй. Азотын хордлогын нөлөө хүний биед хожим мэдрэгддэг бололтой. Толгой байнга өвдөж, мартаж санахдаа амархан болсон.
Уг нь Ж.Баяртогтох дөнгөж 30 настай. Гэвч хүн бүхний айж бэргэдэг гал, ус, гамшиг аюулыг амиараа хамгаалсны төлөө аврагчид эрүүл мэндээ алддаг нь нууц биш.
10 жил ажилласан аврагчдын олонхийнх нь үе мөч, нуруу өвддөг юм гэнэ лээ. Гэхдээ тэд тангарагтаа үнэнч байж, амиа өгсөн ч хамаагүй ард түмнээ хамгаалдгийг онцлох нь зүйтэй.
– Өмнө нь та ийм гүнд шумбаж байв уу?
– 2010 онд ОХУ-ын Байгалийн эргийн аврах албаныхантай хамт усны гүнд шумбах 45 хоногийн сургалтад явсан. Байгаль далайд 40 метрийн гүнд шумбасан. Мөн гаднаас нь агаар шахаж, усанд хүн хэдэн метрийн гүнд ажиллах боломжтойг шалгадаг тусгай камертай шумбасан. Багаж хэрэгсэл нь байвал манай аврагчид 80 метрийн гүнд үүрэг гүйцэтгэж чадах юм билээ.
-Тэгээд сарын дараа Ялонд болсон цунами, газар хѳдлѳлтийн дараах сэргээх засах ажиллагаанд явсан. Нѳхцѳл байдал үнэхээр хүнд байсан байх даа?
– 2011 оны гуравдугаар сард нь Монголын гурван офицер, есѳн аврагч Японы Сэндай хотод очиж ажилласан. Гамшиг болсноос зургаан хоногийн дараа тэнд очсон учраас нурангаас амьд хүн аварна гэдэг боломжгүй. Тиймээс бид хоёрдогч үзлэг хийж, цогцоснуудыг гаргасан. Бид гамшгийн голомтод дөрөв хоног ажилласан.
– Таны ажлыг гэр бүлийнхэн тань хэр ойлгодог вэ. Гэр бүлдээ цаг гаргаж чаддаг уу?
– Ээлжийн амралтаараа л цаг гаргадаг гэхэд болно. Миний эхнэрийг Т.Долгорсүрэн гэдэг. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Хоёр охинтой. Нэг дуудлагаас ирээд л нѳгөѳд нь яваад ѳгѳхөѳр эхнэрт минь эхэндээ хэцүү байсан. Одоо бол маш сайн ойлгож, дэмждэг.
– Зориг зүрх гээч нас дагадаг гэж та боддог уу. Ажлаасаа халшрах үе гардаг уу?
– Зориг байгаад чадваргүй бол далайн гүн рүү орж чадахгүй. Дадлага туршлага, мэргэжлийн ур чадвартай байхын дээр “Би чадна” гэсэн тохиолдолд юуг ч хийж чадна. Чадахгүй байсан ч бидэнд ухрах эрх байхгүй. Ѳргөсѳн тангарагтаа үнэнч, гамшиг ослын үеэр багаж хэрэгслээ сайн ажиллуулж чаддаг, чадвараа бүрэн дайчилж байж л мэргэжлийн аврагч болно гэж боддог.
Түүний энгэрт мэргэжлийн аврагч гэсэн тэмдэг гялалзаж харагдана лээ. Тэрбээр ярилцлагын төгсгөлд “Тэнгэр нь цэлмэг, газар нь зөөлөн, ус нь тунгалаг, урсгал нь намуухан бидний Монголын ард ирэд аюул осолгүй, аваар эндэлгүй, амар жимэр амьдрах болтугай” гэж ерөөсөн юм. Ерөөл бат оршигээ.