1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Өвөрхангай, Хэнтий аймагт бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар +15…+20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор +19…+24 градус, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +24…+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33…+38 градус, бусад нутгаар +27…+32 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 4-9 м/с, +29…+31 градус дулаан байна.
Төлөв байдал: 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 6, 7-нд говь, тал хээрийн нутгаар, 8, 9-нд Алтайн салбар уулсаар түр зуур 16-18 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18…+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +27…+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23..+.28 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
2.Гал түймэр:
Объектын түймэр: Өвөрхангай аймаг, Нарийнтээл сум. Шарга багийн “Далд хавцгай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 130 км, сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ 09.04-ний өдрийн 09:00 цагт гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.
Тус сумын харьяат малчин Н-ын 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 12:27 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Дундсайхан багийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 15:27 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 15:33 цагт очиход иргэн А-ын 5 ханатай гэр шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Баянгол сум. Хараа багийн 10 гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн тухай дуудлагыг 09.04-ний өдрийн 19:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 19:34 цагт очиход иргэн Д-ын12х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум. Хар-Уул багийн “Ямаатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 136 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ бага оврын ачааны автомашинд ачсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 00:14 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 20 км зам туулан 00:40 цагт очиход иргэн А-ийн “УАЗ 3303” загварын автомашинд ачиж явсан 2 тонн өвс шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Начин багийн 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 19:45 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 19:52 цагт очиход иргэн А-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр: Увс аймаг, Цагаанхайрхан сум. Хунт багийн “Урт жалганы-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 256 км, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид, Цагаанхайрхан сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж 09.02-ны өдрийн 17:15 цагт цурамд оруулсан. 09.04-ний өдөр “Сангирцагын гол” 8 км-ээс ус зөөвөрлөн цурмыг цэвэрлэн бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 2 га талбай шатсан/
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум. Цөх багийн “Номт” гэдэг газар /Сүхбаатар сумаас зүүн хойд зүгт 10 км-т/ авто замын хажууд зогсож байсан бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж 1 хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлагыг 09.05-ны өдрийн 00:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 00:47 цагт очиход Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Сүхбаатар сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн “Бонго” загварын автомашины араас мөн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ийн “Приус-41” загварын автомашин мөргөж Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат иргэн Г/43 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР