Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот /7 мм/, Архангай /6 мм/, Баянхонгор /14 мм/, Булган/15 мм/, Говь-Алтай /4 мм/, Дархан-Уул /2.5 мм/, Орхон /7 мм/, Өмнөговь /5,6 мм/, Өвөрхангай /0.5 мм/, Төв, Завхан /5.4 мм/, Сэлэнгэ /0,7 мм,/, Хөвсгөл /10 мм/, Хэнтий /0.3 мм/  аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Агаарын температур ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +21…+26 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутаг, Халх голын хөндийгөөр +27…+32 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө эрс сэрүүсэж +16…+18 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9,10-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +13…+18 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23…+28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр:Өмнөговь аймаг, Цогтцэций сум (Тавантолгой) Сийрст багийн “Гашуун сухайт 3 дахь километр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 114 км, сумын төвөөс зүүн урд зүгт 14 км/-т автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 21:33 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 14 км замыг туулан 21:50 цагт очиход “Норд Бенз-ND4257” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсны 24 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 9 дүгээр хороо, Цайзын 23А дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:57 цагт очиход иргэн Э-ын 5 ханатай гэр, Т-ны 6х4 метрийн хэмжээтэй байшин, У-ийн 5 ханатай гэр, Э-ын 6х3 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр, Б-ын 4х3 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай 5 ханатай гэр, “Приус-20” загварын автомашины толь тус тус шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн гал түймэр:Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. Хадын булаг багийн “Лаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км, сумын төвөөс зүүн зүгт 80 км/-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.06-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан.

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 09.06-ны өдрийн 18:40 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 2400 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top