Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +15…+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +28…+33 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангийн тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +32…+37 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +31…+33 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 7, 9,10-нд говь, тал хээрийн нутгаар, 8-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 7-ноос ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +13…+18 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 20 дугаар хорооны Сэлхийн 1 дүгээр гудамжинд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 11:45 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 18.5 км замыг туулан 12:08 цагт очиж 0.7 га талбайд шар өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Архангай аймаг, Хайрхан сум. Хайрхан багийн “Даржаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ гэр, мотоцикл шатсан тухай мэдээллийг 09.05-ны өдрийн 09:45 цагт хүлээн авсан.

Тус сумын малчин Г-ын 5 ханатай гэр, “Мустанг-5” загварын мотоцикл 09.04-ний өдрийн 23:20 цагийн орчим шатсан тухай мэдээллийг сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.

Булган аймаг, Сэлэнгэ сум. Таримал багийн 3 дугаар гудамжинд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км-т, сумын төвд/ байшин шатсан тухай мэдээллийг 09.05-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан.

Тус сумын харьяат иргэн У-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин 09.05-ны өдрийн 02:35 цагт шатсан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 16 дугаар хорооны “Согоот”-ын 58 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 11:34 цагт хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 11:44 цагт очиход иргэн Б-ын 6 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Төв аймаг, Баян сум. 3 дугаар багийн “Дашгайн” 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 20:48 цагт хүлээн авсан.

Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 21:05 цагт очиход иргэн Ц-ийн 10х18 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 60 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймаг, Чойбалсан сум. Сүмбэр багийн “Холбоотын цагаан нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/-т өвс, автомашин шатаж байна гэсэн мэдээллийг 09.05-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан.

Тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд 20:15 цагт очиход малчин Ц-ны 15 тн өвс тээвэрлэж явсан “Киа Бонго-3” загварын ачааны автомашин, Г-ийн “Хьюндай Портер” загварын автомашин шатаж байсныг 4 цаг 35 минут ажиллаж унтраасан.

Төв аймаг, Лүн сум. Цагаан-Уул багийн “Атар-13” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 165 км-т, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн мэдээллийг 09.05-ны өдрийн 21:24 цагт хүлээн авсан.

Тус сумын мэргэжлийн ангийнхан, Цагдаагийн хэсгийн алба хаагч 21:38 цагт очиход Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Г-ийн “Митсубиши Супергрийт” загварын ачааны автомашины дугуй, тэвш шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: Увс аймаг, Цагаанхайрхан сум. “Урт жалганы-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 256 км, сумын төвөөс урд зүгт 30 км/-т ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид, Цагаанхайрхан сумын мэргэжлийн ангийнхан, нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, орон нутгийн иргэд 09.05-ны өдрийн 15:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top