Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлэл, харилцаа холбооны шинэ дэвшилтэт технологийг дэмжих, технологийн оновчтой шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагатай хамтран “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Хатгал тосгон, Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн бүсэд бааз станц суурилуулан, дохио хүлээж авах төхөөрөмжийг төсөл хэрэгжиж байгаа бүс нутгийн 650 гаруй өрхөд хүлээлгэн өгөв.
Туршилтаар, Тэрэлж орчим 10 км, Хөвсгөлийн Цагаан-Үүр суманд найман км радиуст сүлжээ хэвийн ажилласан бөгөөд ийм зайд иргэд дохио хүлээж авах боломжтой гэсэн үг. Мөн гамшгийн үед дохио дамжуулах дадлага сургуулилтыг Налайх дүүргийн “Тэрэлж боардинг” Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуульд зохион байгууллаа. Энэ үеэр Японы уламжлалт тоглоом болох “Боосай” зурган картыг эх хэлнээ хөрвүүлэн, уг картаар дамжуулан хүүхэд багачуудад гамшгийн хор уршгийг таньж мэдэх, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, гамшиг болсон үед өөрийгөө хэрхэн хамгаалах мэдлэгийг тоглоомын аргаар, сонирхолтой хэлбэрээр олгох сургалтыг зохион байгуулав.
Дээрх ажлыг Онцгой байдлын ерөнхий газар Японы “KDDI” сан, “Өү Си Си” компани болон “Монголын цахилгаан холбоо”, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-тай хамтран гүйцэтгэлээ.
Түүнчлэн Японы “Өү Си Си” компанийн үйлдвэрлэсэн далайн шилэн кабелийг Хөвсгөл нуурын аялал жуулчлал, байгалийн цогцолбор газрын Хүзүүвчийн шил, Жанхайн даваа орчимд нуурын хөвөө дагуулан усан доогуур суурилуулж, аялал жуулчлалын бүс нутагт өндөр хурдны интернэт, IPTV, суурин утасны үйлчилгээг нэвтрүүллээ. Энэ нь Монгол Улсад анх удаа шилэн кабелийг усан доогуур суурилуулсан ажил болсон бөгөөд Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагчид, “Монголын цахилгаан холбоо” ХК, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалтын газар, Монгол Улсын Далайн захиргаа болон усан замын тээврийн улсын байцаагч нар хамтран хийж гүйцэтгэсэн юм.
Энэхүү төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд болж байна. Энэ үеэр тус төсөл нь гамшгийн аюулыг цаг алдалгүй зарлан мэдээлэх, ингэснээр иргэдээ хамгаалах, эрсдэлийг бууруулах тэр дундаа хүүхэд багачууд, сургуулийн даван туулах чадавхыг сайжруулахад зохих мэдлэг олгосон үр дүнтэй ажил боллоо хэмээн оролцогч талууд дүгнэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.