Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Булган, Орхон, Сэлэнгэ, Ховд аймгуудын нутгаар бороо орж, бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +12…+17 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. +20…+22 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 10, 13-нд говь, талын нутгаар, 12-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +10…+15 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +26…+31 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 5 хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 13:34 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 13:41 цагт очиход 3х3 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Төв аймаг, Баянцагаан сум. Өлзийт багийн “Өлзийтийн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 90 км, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/-т автомашин шатсан мэдээллийг 09.08-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан.

Төв аймгийн Баянцагаан сумаас Зууунмод сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ийн “Тоёота Акуа” загварын суудлын автомашин 09.07-ны өдрийн 20:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 6 дугаар хорооны “Урлан” хотхонд гал гарч байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 12:48 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 12:57 цагт очиход иргэн Э-ийн 2 өрөө орон сууцны гал тогооны хэсэгт хөргөгч шатаж байсныг 10 минут ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 8 иргэнийг гаргасан.

Дорноговь аймаг, Сайншанд сум: 5 дугаар багийн “Хамрийн хийд”-ийн баруун талд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 00:58 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 01:37 цагт очиход иргэн С-ийн “Тоёота Кровон” загварын суудлын автомашин шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

3.Бусад төрлийн осол:

Улаанбаатар хот, Багахангай дүүрэг. 1 дүгээр хорооны 6 дугаар байранд хүүхэд 3 өдөр дараалан уйлаад байна гэсэн дуудлагыг хорооны нийгмийн ажилтангаас 09.08-ны өдрийн 14:28 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 14:30 цагт хүрэлцэн очиж шат ашиглан 3 давхрын тагтаар дамжин ороход иргэн Б/1 настай, эрэгтэй/ ганцаараа байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэж өгсөн.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг: 33 дугаар хорооны Тахилтын 44 дүгээр гудамжинд нүхэн жорлонд хүн унасан гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 23:53 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 14 км замыг туулан 00:14 цагт очиход иргэн Б/30 настай, эрэгтэй/ 2х2 метрын хэмжээтэй 3 метрийн гүнтэй нүхэн жорлонд орох үедээ таталт өгч унасан байсныг 15 минут ажиллаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top