1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн нутгаар бороо орсон, Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +13…+18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25….+30 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр +5…+7 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
Төлөв байдал: 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 14-нөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +20…+25 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Объектын түймэр: Улаанбаатар хот, Багануур дүүрэг.5 дугаар хороо, Нарийний 30 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 14:22 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:27 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр бүрэн, Б-ийн 5 ханатай гэрийн гадна хэсэг тус тус шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 9 дүгээр хороо, Малчины 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 14:35 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:39 цагт очиход иргэн А-ын 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг.35 дугаар хороо, Нарангийн гол 76 дугаар гудамжинд гэр шатаж гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 15:46 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 15:59 цагт очиход иргэн Ц-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум. Баянбулаг багийн Зээлийн 3 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 19:24 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:32 цагт очиход иргэн Ц-ын 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймаг, Баянзүрх сум. Агар багийн “Хонин-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 176 км, сумын төвөөс баруун урд зүгт 49 км, Ө-49°59’24.0″, У-98°06’36.0″/ 09.12-ны өдрийн 07:31:09 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 07:38 цагт цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. 10 дугаар багийн “Хар-Ороомог” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 145 км, сумын төвөөс баруун зүгт 100 км/-т 09.09-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Т морьтойгоор адуундаа яваад сураггүй болсон, унаж явсан морь нь “Ховд” голын эргээс олдсон тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 100 км замыг туулан 20:30 цагт очиж тус аймгийн Улаангом сумын харьяат иргэн Т/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Бусад төрлийн осол: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 21 дүгээр хороонд бохирын шугамын хоолойн холболт хийж байсан 1 хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 17:14 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:41 цагт очиход бохирын шугамын хоолойн холболтын ажил хийж байсан ажилтан Э/26 настай, эрэгтэй/ нь 3 метрийн өргөнтэй 3 метрийн гүнтэй нүхэнд шороонд дарагдаж нас барсан байсныг 30 минут ажиллаж цогцсыг гарган Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР