Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Завхан, Сэлэнгэ, Орхон, Өвөрхангай, Увс, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +9+14 градус, говь, талын нутгаар +23+28 градус, бусад нутгаар +15+20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, +18+20 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-ны өдөр нутгийн хойд хагаст, 17-ны өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-ны өдөр төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 15-ны өдөр говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4+9 градус, өдөртөө +16+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9+14 градус, өдөртөө +20+25 градус, бусад нутгаар шөнөдөө -2+3 градус, өдөртөө +11+16 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Завхан аймаг, Тэлмэн сум. Өвөгдий багийн 5 дугаар гудамжинд байшин шатсан тухай мэдээллийг 09.13-ны өдрийн 06:06 цагт хүлээн авсан.

Иргэн С-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, үүдний амбаар шатсаныг Тэлмэн сумын мэргэжлийн ангийнхан 1 цаг 24 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дорноговь аймаг, Замын-Үүд сум: Соёмбо багийн 8 дугаар хэсгийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 12:06 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах  17 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:10 цагт очиход иргэн Т-ын 8х15 метрийн  хэмжээтэй байшингийн гал тогооны өрөөний тааз, эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймаг, Баянговь сум. Хэлтгий булаг багийн Цагаанбулагийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны 12:21 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 12:24 цагт очиход иргэн Ш-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж  унтраасан.       

Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 5 дугаар хороо, Нарийны 23 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:32 цагт очиход тус тоотод иргэн Г-ын 0.3 га орчим талбайд өнжмөл өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Шарынгол сум. Санжинт багийн нутагт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны 23:56 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 00:07 цагт очиход хүнд даацын өөрөө буулгагч автомашины хөдөлгүүр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 11 дүгээр хороо, Ногооннуурын 1004 дүгээр байранд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн  05:29 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 05:36 цагт очиход тус байрны гаднах 4х6 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. Даян 6 дугаар багийн “Унаганы гатлага” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 100 км-т/ 09.09-ний өдрийн 11:00 цагийн орчим малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь 09.12-ны өдөр гэрээс нь 2 км-т “Ховд” голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт 09.13-ны өдрийн 09:10 цагаас 20:20 цаг хүртэл тус аймгийн Улаанхус сумын харьяат малчин Т/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Ховд голын-Эх” гэдэг газраас баруун урд зүгт 19 км-т “Зээрийн гарам” гэдэг газар хүртэл “Ховд” голын усаар завиар болон голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ангиас хөдөлсөн. 09.14-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: Дорнод аймаг, Халхгол сум. Цогтсүмбэр багийн “Тасархайн манхан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 370 км-т, сумын төвөөс зүүн урд 25 км-т/ иргэн Б нь хадлан бэлтгэж байгаад 09.12-ны өдрийн 06:30 цагт Халхгол сумын төв рүү явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.13-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан.

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, “Нөмрөгийн дархан цаазат газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн Б/51 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 09.13-ны өдрийн 11:25 цагаас 17:06 цаг хүртэл тус сумын Цогтсүмбэр багийн “Сэмжидийн тохой” гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Тухайн иргэнийг 09.12-ны өдрийн 11:00 цагийн орчим “Хамар даваа” гэдэг газар Дорнод аймгийн Хэрлэн сумын чиглэлд автомашинд суухаар алхаж явсан тухай мэдээллийг 17:00 цагт хүлээн авсан тул эрэн хайх ажиллагааг зогсоож Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top