Эмгэнэл

xaa9dfj0.jpg

Галсансанзайн Махбариад

/1934-2023/

Бидний эрхэм журмын нөхөр, төр, цэргийн нэрт зүтгэлтэн хошууч генерал Боржигон овогт Галсансанзайн Махбариад тэнгэрийн орноо заларч, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олон бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Монгол Улсын 52 дахь генерал Галсансанзайн Махбариад нь 1934 онд Дорноговь аймгийн Айлбаян, одоогийн Хатанбулаг сумын нутаг Хадан хошуу гэдэг газар ард Галсансанзайн хоёр дахь хүү болон мэндэлсэн.

1942-1949 онд бага, дунд сургууль 1962-1968 онд ЗХУ-ын Москва хотод В.В.Куйбышевийн нэрэмжит цэргийн инженерийн академи, 1970 онд ЗХУ-ын Москва хотын К.Е.Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийн дээд курс, 1978-1980 онд мѳн академи, 1988 онд ЗХУ-д Иргэний хамгаалалтын дээд курсыг тус тус суралцаж тѳгсчээ.

Тэрээр дунд сургууль тѳгсѳѳд сумын захиргаанд зарлага, аймгийн Хоршоодын холбоонд бичээчээр ажиллаж байгаад цэргийн албанд татагдан ирж 1955-1957 онд Зүүнбаян дахь нефть хамгаалах тусгай ротод цэрэг, тасгийн дарга, жасаалын дарга, 1957-1958 онд Ардын цэргийн Жанжин штабт бичээч, хэрэг хѳтлѳгч, 1958-1962 онд АЦХЭЯ-ны боловсон хүчний хэлтсийн туслах, 1968-1970 онд Ардын цэргийн Жанжин штабын газрын зургийн хэлтэст инженер, 1970 оноос тус хэлтсийн дарга, 1970-1976 онд МАА-ийн Жанжин штабын орлогч бѳгѳѳд дайчлах, зохион байгуулах, нѳхѳн хангалтын хэлтсийн дарга, 1976-1978, 1980-1985 онд Зэвсэгт хүчний жанжин штабын 1 дүгээр орлогч дарга бѳгѳѳд Улаанбаатар гарнизоны дарга, 1985-1990 онд БНМАУ-ын Батлан хамгаалахын дэд сайд бѳгѳѳд Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан юм.

Хошууч генерал Г.Махбариад нь улсад 55 жил, түүнээс цэргийн албанд 36 жил ажиллахдаа жирийн байлдагчаас хошууч генерал, цэргийн алба хаагчаас Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч, Батлан хамгаалахын дэд сайд хүртэл дэвшин ажиллаж, цэргийн сүр жавхаа болсон ёслолын жагсаалыг 20 шахам удаа командалсан давтагдашгүй түүхийг бүтээсэн нэгэн билээ.

Түүнчлэн тэрбээр Монголын Ардын армийг өргөтгөн зохион байгуулах, түүнийг хөгжүүлэн бэхжүүлэхэд сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжил, оюун ухаан, хүч хөдөлмөрөө нэгэн үзүүрт сэтгэлээр зориулж ирсэн төдийгүй орчин цагийн Онцгой байдлын байгууллагын эрх зүйн үндэс суурь, тулгын гурван чулууны нэг болсон Иргэний хамгаалалтын байгууллагыг тулхтай, цэгцтэй, мэргэжлийн ур чадвар гарган удирдаж, 1990 оны зах зээлийн шуургыг давж, энэ байгууллагыг шинэ тогтолцоонд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан онол практикийн өргөн мэдлэг, чадвартай, ажил зохион байгуулах, удирдах арвин баялаг туршлагатай шилдэг удирдагч, Монгол төрийн генерал байлаа.

Түүний улс орны батлан хамгаалах хүч чадлыг дээшлүүлэн, Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, эх орон, ард түмнийхээ төлөө хийж бүтээсэн, байгуулсан гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж Д.Сүхбаатарын одон, Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Байлдааны гавъяаны одон, Алтан гадас одонгоор 2 удаа болон бусад ойн медалиудаар шагнасны дээр Унгарын Улаан таван хошуу одон, Лаосын Эх орны төлөө II зэргийн одон, ЗХУ, БНСЧСУ, БНПАУ, БНКУ зэрэг орны медалиудаар шагнагджээ.

Мөн тэрбээр 1990-1992 онд олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн дэд захирал, 1992 оноос Монголын залуучуудын холбоонд ордны дарга, 2000 оноос Дацантрейд ХХК-ийн дэд захирал, 2001-2005 онд Улсын иргэний хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны даргаар ажиллаж байв.

Өөрийн төлөв даруу зан чанар, мэргэжлийн ур чадвар, манлайлал, ажил үйлсээрээ цол цэргийн даргыг алдаршуулдаггүй, харин цолыг цэргийн дарга алдаршуулдаг гэдгийг амьдралд бодитоор харуулсан түүний шударга үнэнийг эрхэмлэсэн, залуу үе, залгамжлагч нартаа үлгэр дуурайлал болсон хүнлэг энэрэнгүй, хамтач зан чанар, гэгээн дүр, үйлс бүтээл нь бидний сэтгэл зүрхэнд мөнхөд дурсагдах болно.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх

Монгол Улсын Их хурлын дарга Гомбожавын Занданшатар

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан

Батлах хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Сүнрэвийн Ганбямба

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Гомбожавын Ариунбуян

scroll to top